Ерөнхийлөгч Х.Баттулга алба хаагчдын эрх зөрчигдсөөр байгаатай холбогдуулан Батлан хамгаалахын сайдад үүрэг чиглэл өглөө

Ерөнхийлөгч Х.Баттулга алба хаагчдын эрх зөрчигдсөөр байгаатай холбогдуулан Батлан хамгаалахын сайдад үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга  Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-нд өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой асуудал гарч, цэргийн амь эрсэдлээ" хэмээв. Мөн тэрбээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч гуравдугаар сарын 30-ндгэмтлийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов. Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, хоёрдугаарт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчсөн ноцтой хэрэг 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг хэлээд, энэ асуудлаар Ажлын баг байгуулан ажиллах чиглэл өглөө. Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын баг байгуулахаар шийдвэрлэв.