УИХ-ын гишүүн С.Бямбацогт​ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг ахална

УИХ-ын гишүүн С.Бямбацогт​ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг ахална

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүнийг оруулахгүй байхаар хуульчилсан ч УИХ дахь МАН-ын бүлгээс Ж.Ганбаатар, АН-ын бүлэг Д.Ганбат гишүүнийг оруулах санал гаргасан ч Ж.Сүхбаатар гишүүн дэмжихгүй маргаан болсон билээ. 

Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилох УИХ-ын даргын захирамжийг танилцуулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үүнийг эсэргүүцэж шүүмжлэн мөн маргаан үүсгэсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ нөхрийг болъё гэхээр бид болиулж чадах юм уу. ХЭҮК-ийн таван гишүүнээс Энхболд гэдэг нөхрийг яахаараа энд оруулдаг юм. ХЭҮК хуралдаад Энхболд гэдэг хүнийг өгсөн гэж байна. Энэ мэтчилэн хуралдаад нэг хүнийг ажлын хэсэгт оруулахаар өгсөн юм байна. Одоо бид нэг бүрчлэн хүнийг ярихаар ямар утга байна аа. Харин ажлын хэсгийг ахалж байгаа хүн байнгын хорооны дарга байж болохгүй. Энэ зарчмын асуудал. Дарга гахай бол үргэлж илүү эрх эдэлдэг. Тиймээс С.Бямбацогт дарга үүнийг ахалж болохгүй. Ерөнхийлөгч дээр байсан эрх мэдлийг нэлээд юм болж байж аваад улс төрөөс хамаардаггүй шударга шалгаруулалт явуулъя гэсэн одоо байнгын хорооны даргаар ахлуулчихаж байна. Энэ Их хурал бүрдсэнээс хойш маш олон удаа хууль зөрчсөн. Үндсэн хууль зөрчсөн. Би одоо танд итгэхгүй байна. УИХ дотор шударга гишүүд байгаа байлгүй дээ. Зүгээр сул гишүүд байгаа шүү дээ. МАН дотор байгаа байлгүй дээ. Сөрөг хүчиндээ өгчихөөч. Иймэрхүү зарчим бариад явчихаж болдоггүй юм уу. Би хувь хүний тухай яримааргүй байна. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргад итгэхгүй байна. Олон сар ажиллалаа. МАНАН бүлэглэлээс салах гэж, шударга бусын хонгилыг нураах гэж байгаа юм ш дээ. Түүнээс хонгилын түлхүүрийг шилжүүлчихээгүй, нэг намд өгөөгүй юм. Үүнийг ойлгоод, зөв шударга хийгээд өг л дөө. Одоо 60 хэдэн гишүүнээргээ түрий бариад Хууль зүйн байнгын хорооны даргаар ажлын хэсгийг ахлуулж болохгүй. Хуулийн ТМС төгссөн та нар надтай юм ярих болоогүй шүү. 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Би та бүхэнтэй адилхан УИХ-ын гишүүн. Гэхдээ та бүгдийн саналыг сонсъё. Би өөрөө оръё гээд орсонгүй. УИХ-ын даргаас асуух хэрэгтэй байх.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ажлын хэсгийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар хуульд заасан. Гишүүдийн зүгээс ХЭҮК дээр УИХ-ын гишүүн ороогүй байна. Энэ хүмүүс шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадваргүй гэсэн. Ажлын хэсгийн шийдвэрийг байнгын хороон дээр ёсчилно. Үүний үр дагаврыг УИХ улс төрийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Тиймээс УИХ-ын нэг гишүүн ажлын хэсэгт заавал байх ёстой гэж үзсэн. Ажлын хэсгийн ахлагчийг хэн тавих вэ гэж яриад УИХ-ыг төлөөлөх ганц хүн нь УИХ-ын дарга байна гэж үзсэн. Тиймээс УИХ-ын даргаас томилогдсон хүнээр ажлын хэсгийг ахлуулах ёстой гэж хуульд заасан. Байнгын хороон дээр УИХ-ын даргын захирамжийг дэмжинэ, дэмжихгүй гэдэг санал хураалт явахгүй байх. Хуульдаа шууд томилно гэж бичсэн учраас санал хураалт явуулахгүй. Одоо бол байнгын хорооны хуралд УИХ-ын даргын захирамжийг танилцуулна гэж заасан.