Т.ЧИМГЭЭГИЙН АХ Т.ХҮРЭЛБАТ: Өлсгөлөнгөө тогтоох эсэхээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж шийднэ

Т.ЧИМГЭЭГИЙН АХ Т.ХҮРЭЛБАТ: Өлсгөлөнгөө тогтоох эсэхээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж шийднэ

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон.

Мөн 2015 онд гүйцэтгэх ажиллагаа явуулж Т.Чимгээг өөрийгөө хамгаалах чадваргүй байхад гарынх нь хээг авсан бичлэгийн зарим хэсгийг саяхан нууцаас гаргаж, олон нийтэд цацсан гэх мэдээлэл бий билээ. Энэ бүх үйл явдалтай холбогдуулан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн, төрсөн ах Т.Хүрэлбат нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Улмаар Т.Хүрэлбат нь дүүгээ суллах хүртэл Сүхбаатарын талбайд зургаан хоногийн /2021.03.23/ өмнөөс өлсгөлөн зарласан юм. 

Тэгвэл түүний эрүүл мэндийн байдал маш их хүндэрсэн тул Сүхбаатар дүүргийн эмнэлгийн эмч нар дөнгөж сая үзлээ. Эмч нар үзээд зүрхний хэм алдагдаж, даралт тогтворгүй болж, жин алдагдсан гэж дүгнэсэн байна. 

Энэ үеэр Т.Хүрэлбат "Тамирдаж байна. Түүнээс өвдсөн зүйлгүй.а. Маргаашийн шүүх хурлын шийдвэрийг гаргана. Дөрөвдүгээр сарын 03-аас хөл, хорио тогтооно гээд байна. Тиймээс  гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байж өлсгөлөнгөө зогсоох шийдвэрийг гаргана" гэв.

Тэрбээр мөн "С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн хамжигчаар Булган, хамтрагчаар Ганхуяг, захиалагчаар Э.Бат-Үүл нарыг яллагдагчаар татаж, саатуулж байсан ч нотлогдоогүй гэх үндэслэлээр сулласан. Тэгсэн мөртлөө хамжигч, хамтрагчаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял өгсөн. 2016 онд Тагнуулын мөрдөн байцаах хэлтсээс барьж Ганхуягийг найман сар, Булганыг 10 сар хориод гаргасан. Булган, Бат-Үүл, Ганхуяг наыг С.Зоригийн амь насыг зохион байгуулалттайгаар хөнөөсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж Тагнуулын мөрдөн хэлтсийн дарга Бархасбадь хэлж байсан. Гэвч Бат-Үүлийн яллагдагчаар татагдсан шийдвэрийг хүчингүй болгоод суллаж байсан юм байна лээ" гэлээ.

Сонирхуулахад, Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь түүнийг ийнхүү суллахыг шаардаж байгаа ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй юм. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.   

ҮЗЭХ: