О.Цогтгэрэл, М.Тулгат нар АН-ын даргаар тодорч, Д.Пүрэвдаваа, Ч.Өнөрбаяр нар ЕНБД-д яригдаж байна

О.Цогтгэрэл, М.Тулгат нар АН-ын даргаар тодорч, Д.Пүрэвдаваа, Ч.Өнөрбаяр нар ЕНБД-д яригдаж байна

АН-ын даргыг тодруулах Ц.Тувааны цаасан сонгууль болон С.Эрдэнийн цахим сонгууль өчигдөр /2021.03.28/ явагдаж дууслаа. Харин АН-ын зарим гишүүд тус хоёр сонгуулийн аль, алинд нь саналаа өгч оролцжээ. Мөн зарим нь аль нэгэнд нь саналаа өгөхгүй байхыг бусдадаа уриалж, нэгнээ үгүйсгэж оролцсон байна.

Нөгөөтэй АН-ын гишүүдийн дунд мөнгө тараасан тохиолдол ч гарсан гэх мэдээлэл байна. Учир нь “цахим сонгуульд битгий оролц, цаасан сонгуульд нь оролцож, түүнд саналаа өг” гэж 5 мянган төгрөг ч тараасан тохиолдол гарсан байж болзошгүй байгаа аж.

-О.ЦОГТГЭРЭЛИЙГ З.ЭНХБОЛД, Д.ПҮРЭВДАВААГ Х.БАТТУЛГА, М.ТУЛГАТЫГ ИЛ С.ЭРДЭНЭ, ДАЛД З.ЭНХБОЛД НАР ДЭМЖИЖ БАЙЖЭЭ-

Ингээд ямартай нь Ц.Тувааны цаасан сонгуульд АН-ын даргаар УИХ-ын гишүүн, Тесо группийн эзэн О.Цогтгэрэл тодорч, харин С.Эрдэнийн цахим сонгуульд АН-ын даргаар Хишиг арвин ХХК-ийн хувь эзэмшигч гэх, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар тодров. Дээрх хоёр эрхмүүдийг “тодров” гэсэн нь учиртай. Тодруулбал, тус хоёр сонгуульд хэн ялах нь урьдаас тодорхой байсан төдийгүй, сонгуулийн санал тоололт явагдсан уу гэдэг нь мөн эргэлзээтэй байгаа юм. Учир нь цаасан сонгуульд нэр дэвшигч Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж оролцсон бол, О.Цогтгэрэлийг УИХ-ын дарга асан З.Энхболд дэмжсэн гэх мэдээлэл байна. Харин О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарыг Х.Баттулга, З.Энхболд нарын хэн ч дэмжээгүй бололтой.

Мөн цахим сонгуульд нэр дэвшигч М.Тулгатыг АН-ын дарга С.Эрдэнэ ил дэмжиж байсан бол, түүнийг талдуур З.Энхболд дэмжиж байж болзошгүй байгаа аж.

Эцэстээ Улсын дээд шүүх /УДШ/-д АН-ын даргаар тодорсон О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгүүлэхээр тус бүрдээ хандана. Энэ тохиолдолд УДШ бүртгэхээс татгалзаж, хоёр хүсэлтийг буцаах нь ойлгомжтой юм. Нөгөөтэй, хоёр тал зөвшилцөлд хүрч, намын их хурлаараа О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль нэгийг нь батламжлуулаад, УДШ-д хандаж болох аж.

-ҮЕ, ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР САНАЛ БОЛГОДОГ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ ЁСООР Х.БАТТУЛГА ЕНБД-ААР Д.ПҮРЭВДАВААГ ТОМИЛУУЛНА ГЭЖЭЭ-

Тэгвэл энэ тохиолдолд АН-ын даргаар О.Цогтгэрэл бүртгэгдвэл тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-аар Д.Пүрэвдаваа, Ч.Өнөрбаяр, З.Нарантуяа нар яригдаж байгаа ажээ. Харин АН-ын үе, үеийн Ерөнхийлөгч нар тус намын ЕНБД-аар өөрийн хүнээ томилдог бичигдээгүй хууль байдаг. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын ЕНБД-аар Д.Пүрэвдавааг зүтгүүлж байгаа ажээ.

Харин АН-ын даргаар М.Тулгат ажилласан тохиолдолд Ч.Өнөрбаяр тус намын ЕНБД-аар мөн томилогдох хувилбар яригдаж байгаа ажээ. Харин М.Тулгатын ард З.Энхболд далдуур дэмжиж байгаа нь үнэн бол АН-ын даргаар О.Цогтгэрэл, ЕНБД-аар М.Тулгат ажиллах бололтой.

Гэтэл хамгийн анх АН-ын дарга болоод тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөн орно гэдгээ мэдэгдэж байсан Ц.Оюунгэрэл цахим сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ утгаараа тэрээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ч ялагдал хүлээж болзошгүй байна. Иймд тэрээр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас нэр дэвшиж болзошгүй юм. Харин Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон тохиолдол З.Энхболд АН-аас нэр дэвшиж болзошгүй байгаа ажээ. Энэ ч утгаараа тэрээр тус намын даргын сонгуульд ихээхэн үүрэг оролцоотой оролцжээ.




Өнөөдөр үхэр өдөр

20 цагийн өмнө