Ц.Оюунгэрэл: Сонгуулийн санал хураалтын серверт гаднын халдлага орсон гэсэн мэдээ авлаа

Ц.Оюунгэрэл: Сонгуулийн санал хураалтын серверт гаднын халдлага орсон гэсэн мэдээ авлаа

Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тус намын даргын цахим сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр нар АН-ын даргын төлөө цахим сонгуульд нэр дэвшиж буй. Тэгвэл нэр дэвшигч Ц.Оюунгэрэл сонгуулийн төв серверт гаднын халдлага орсон байж болзошгүй талаар өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулж хэллээ.

Тэрбээр энэ талаар “19.00 цагийн сонгуулийн ирцийн мэдээгээ авах гэтэл цахим сонгуулийн төв серверт гаднын халдлага орсон байна. Тиймээс 19.00 цагийн мэдээгээ өгч чадсангүй гэсэн тайлбарийг ажиглагч ирүүллээ. Энэ бол маш ноцтой асуудал.

Тиймээс Дотоод сонгуулийн хорооноос тодруулга авахаар яаралтай алхаж явна. Цахим сонгуулийн ирц их доогуур байгаа. Энэ нь дунд шатны намын хорооны дарга нар, үүрийн дарга нар гишүүддээ дотоод сүлжээгээрээ цахим сонгуульд оролцохгүй байх үүрэг даалгаврыг байнга өгч байгаатай холбоотой. Гэхдээ гишүүд сонгох эрхээ эдэлж, сүүлийн хэдэн цагт өсөллтэйгээр сонгуулийн санал хураалт явагдаж байсан.

Сонгуулийн үед серверт гаднаас халдлага орно гэдэг бол өнөөдрийн санал хураалтыг тэр чигт нь хүчингүй болгох чиглэлийн халдлага гэж ойлгож болно. Ийм тохиолдолд горимын санал тавихаас өөр аргагүй байдалд хүрнэ. Хэрэв сонгуулийн дүнг хүчингүй болгох хэмжээний ноцтой халдлага орсон бол шалгуулах хэрэгтэй байх” гэв.