П.Нүрзэд: АН-ын гишүүдтэй холбоотой ташаа мэдээллийг сөрөг хүчнээс зохион байгуулалттайгаар тарааж байна

П.Нүрзэд: АН-ын гишүүдтэй холбоотой ташаа мэдээллийг сөрөг хүчнээс зохион байгуулалттайгаар тарааж байна

Ардчилсан намын даргын сонгуультай давхцаж цахим сүлжээнд  нэр дэвшигчидтэй холбоотой янз бүрийн мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд манай нэр дэвшигчидтэй холбоотой ташаа мэдээлэл явж байна. Эхний нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлтэй холбоотой асуудал. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, түр буюу байнгын оршин суух газраа сонгох эрхтэй байдаг. Гишүүд оршин суугаа газраа намын гишүүнчлэлийн харьяаллаараа бүртгүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын гишүүдийн бүртгэлийн асуудлууд яригдаж байна. Энэ бол цэвэр намын асуудал. Ардчилсан нам орон нутгийн болон УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон. Энэ утгаар Ардчилсан намын сонгуульд “царцаа нүүх” боломж байхгүй. 

Хоёрдугаарт, манай намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшинтэй холбоотой мэдээлэл гарсан. Энэ бол цэвэр гүтгэлэг, буруу ташаа мэдээлэл. О.Амартүвшин 2016 оны тавдугаар сарын 7-ны өдөр АН-д элссэн. Олон нийтийн сүлжээгээр МАН-ын гишүүн гэсэн мэдээлэл явж байгаа нь цэвэр сонгуультай холбоотой худалд мэдээлэл юм. 

Ер нь Ардчилсан намын сунгаанд нэр дэвшсэн дөрвөн гишүүнтэй холбоотой худал, ташаа мэдээлэл их тарж байна. Энэ мэдээллийг сөрөг хүчнээс зохион байгуулалттайгаар тарааж байна гэж хардаж байна. Тиймээс ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэв.