Л.Энх-Амгалан: Сурагчдыг ирэх долоо хоногт амраана

Л.Энх-Амгалан: Сурагчдыг ирэх долоо хоногт амраана

Боловсролын яамнаас ЕБС-ийн сурагчдыг хоёрдугаар улиралд амрахгүйгээр цахим болон теле хичээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад байсан. Тэгвэл яам дээрх шийдвэрээ эргэн харж, орон даяар ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралтыг ирэх даваа гаригаас /2021.03.29/ дөрөвдүгээр сарын 5 хүртэл долоо хоногийн хугацаанд амраахаар шийдвэрлэсэн гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.Амралтын хугацаанд цахим болон теле хичээл явагдахгүй аж.

Мөн анги, танхимын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулж төгсөн ангийн сурагчдад танхимаар давтлага өгөхөөр болжээ. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Яам шууд сурагчдын амралтыг цуцлаагүй. Эцэг эхчүүдийн хүсэлт, сургуулиудын саналыг үндэслэн амраахгүйгээр хичээллүүлэх шийдвэрийг гаргаад байсан. Монгол Улсын хэмжээнд 174  мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой явж байна. Сургуулиуд нэг хоног, нэг цагийн өмнө хичээлээ нөхөх нь чухал болоод байсан учраас ийм санал тавьсан. Гэхдээ яам нөхцөл байдалтай уялдуулж тушаалаа өөрчилж байна. Ирэх долоо хоногт ЕБС-иуд амарна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Манай багш нарыг зүгээр суугаад байна гээд нийгмээрээ буруутгах гээд байх юм. Багш нар танхимаар хичээл заадгаас илүү стресстэй ажиллаж байна" гэсэн юм.