ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томиллоо

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Харин өчигдрийн /2021.03.25/ хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцэх шатанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар “Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан” гэв.

Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “АН ажлын хэсэг байгуулаад ажилласан. Гэвч бидэнд өгсөн цаг богино байна. Хуулиараа бол тав хоногийн хугацаанд эцсийн гишүүнийг шийдэх ёстой. Тиймээс бидэнд гурван хоногийн хуулийн хугацаа байгаа учраас АН-ын бүлэг гурав хүртэлх хоногийн хугацаатай завсарлагыг сунгах санал тавьж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдөр 12:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. Мөн Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг өнөөдөртөө багтааж шийдвэрлэнэ гэдгийг онцоллоо. 

Ингээд дараагийн асуудал болон УИХ-ын чуулганы хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүнээр томиллоо.

УИХ-ын гишүүн бүр мэргэшлийнхээ дагуу 1-2 байнгын хороонд харьяалагддаг. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ж.Эрдэнэбатыг тус байнгын хорооны гишүүнээр томилсон байна.