Ч.Өнөрбаяр: Шүүмжилж, хар цагаанаар нь ялгадаг эрхийг тань ардчилал авчирсан юм шүү

Ч.Өнөрбаяр: Шүүмжилж, хар цагаанаар нь ялгадаг эрхийг тань ардчилал авчирсан юм шүү

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн ээлжит мэтгэлцээн өнөөдөр болж Ийгл телевизээр шууд дамжууллаа. Мэтгэлцээн “Хувь хүний” эрх чөлөө сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр нэр дэвшигч Ч.Өнөрбаяр өнгөрсөн 30 жилд Ардчилсан намын оруулсан гол хувь нэмрийн талаар байр, сууриа илэрхийллээ.

Тодруулбал тэрбээр “Ардчилсан нам хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн. Социализмын 70 жилд баригдаагүй замыг тавьсан. Бид нар тэр зам дээгүүр давхидаг мөртлөө л хараагаад байдаг. "Муу ардчиллынхан" гээд хараадаг хэрнээ л "Алтай Таванбогд руу яваад ирлээ, яасан гоё замтай болчихсон" юм бэ гэж ярьдаг. Утасныхаа цаанаас шүүмжилж, харааж, дарга нарыг муулж, хар цагаанаар нь ялгадаг эрхийг хэн авчирсаныг боддоггүй л дээ. Энэ бүхэн ардчиллын үр шим. Гадны орнууд руу зөвхөн албан тушаалтан явдаг үе байсан бол өнөөдөр монгол хүн “Охин маань урилаа. Гадагшаа явчихаад ирлээ. Хүү маань урьж тийшээ явчихаад ирлээ. Ач маань тэнд сурдаг” гэж ярьдаг болсон байна. Энэ дахиад л ардчиллын үр шим. Тэгсэн хэрнээ л нөгөө ардчиллаа, ардчилагчдыг хараагаад байдаг. Гэхдээ бид хараалгахаасаа айж ирээгүй.

Бид Монголын ирээдүйн төлөө, монгол хүмүүсийн төлөө хэцүү зүйлүүдийг зоригтой шийдэж ирсэн. Хамгийн их бүтээн байгуулалтыг хийж, монгол хүнд хамгийн эрхэм, нандин эрхийг нь өгсөн. Хүн бүр боддог, сэтгэдэг, өөрөө шийдвэрээ гаргадаг, зөв санагдсанаа дагадаг эрхийг нь өгье гэж боддог.

Монгол хүн утсан хүүхэлдэй биш. Монголчуудыг дэлхийтэй холбосон. Сурдаг, аялдаг, дэлхийн боловсролтой болсон гээд нийтээрээ үр шимийг нь хүртсэн олон зүйл бий. Энэ түүчээг үргэлжлүүлэх ёстой. Уул, уурхай манай тэргүүлэх салбар байж магадгүй. Бид үүн дээр ухаалаг байх ёстой. Харин Уул, уурхайгаас гарч буй мөнгийг халамж болгон тараах нь утгагүй. Монгол хүн бүр хүүхдийнхээ ирээдүйн боловсролд санаа зовдог. Миний хүүхэд боловсролтой, эрдэм чадалтай болоосой гэдэг. Тэгэхээр Монголын залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах ёстой. Монголын залуус дэлхийд өрсөлддөг, дэлхийгээс мөнгө шанагадаад хөрөнгө оруулалт татаад ирдэг болгох ёстой юм. Монголын компаниуд дэлхийд өрсөлддөг гарцыг нээх ёстой. Засгийн газар залуусаас мөнгөө битгий харамла. Тэтгэлгээ харамгүй өгөх ёстой. Тэр эргээд л Монголын баялаг, дархлаа. Цэрэг хувцас өмсөөд, хоосон нэр алдар зүүгээд, бүтээн байгуулалт хийсэн болж айлуудыг хөргөгчинд нь талх, будааг нь байлгаснаараа асуудал шийдэгдэхгүй ээ. Үүнийг өөрчлөх ёстой. Энэ зарчмынхаа төлөө явах ёстой гэж бодож байна” гэлээ.

ҮЗЭХ: