Н.Алтанхуяг: С.Зориг агсны хэргийг ил болгож захиалагчийг зарла, сонгууль бүрээр энэ сэдвээр шоудахаа болио

Н.Алтанхуяг: С.Зориг агсны хэргийг ил болгож захиалагчийг зарла, сонгууль бүрээр энэ сэдвээр шоудахаа болио

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан /2021.03.25/ 10.00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал,

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  • Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал. 

Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргаж, үг хэллээ. Тэрбээр "Гурван асуудал бий. Нэгдүгээрт, Т.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэг нийтэд ил болсон. Энэ асуудлаар хэлэлцүүлэг явуулах санал хоёр гишүүн гаргасан байна лээ. Гэхдээ сонгууль болгоноор явуулдаг энэ шоугаа болимоор байна. Шоронд эрүүдэн тамлагдаж байгаа хүний асуудал тоглоом биш.

Хоёрдугаарт, энэ хэрэгтэй холбоотой С.Зориг агсны амийг хохироосон асуудлаар ОУПХ-ноос ирүүлсэн шаардлагын дагуу Түр хороо гэж байгуулсан. Долоо хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан энэ хорооны нэг л гишүүн одоо парламентад байгаа. Энэ хороог байгуулах хэрэгтэй байна. Нууц гээд дараад байдаг хэргийг ил болгомоор. Захиалагчийг нь заралмаар байна. Гуравдугаарт, гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа асуудал нь зөв. Гэхдээ гаргаж байгаа шийдвэр нь эзэндээ хүрэхгүй ойлгомжгүй байна. Банкууд нь хүнд сурталтай байна. Тэгэхээр хуучин зээлтэй хүмүүсийн зээлийг нь бууруулж, шинээр зээл авах иргэддээ хурдан шуурхай олгомоор байна" гэлээ.