Ч.Өнөрбаяр: АН хурдан эвлэж, хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэн хүлээлт иргэдэд байна

Ч.Өнөрбаяр: АН хурдан эвлэж, хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэн хүлээлт иргэдэд байна

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн бодлогын мэтгэлцээн өчигдөр /2021.03.23/ боллоо. Мэтгэлцээн “Баруун төвийн үзэл баримтлал ба үндэсний эрх чөлөө” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Энэ үеэр нэр дэвшигч Ч.Өнөрбаярын хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  1. 1990 оны Үндэсний ардчилсан хувьсгалын гол баталгаа, үр дүн нь 1992 оны Үндсэн хууль. Үндсэн хуулиар Монгол улс Тусгаар тогтносон бүрэн эрхт улс байж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах тухай үндсэн зарчмуудаа томьёолж чадсан. 
  2. Монголчууд Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын талаар баялаг түүхтэй. Үндэсний эрх чөлөөний үзэл санаа бол Ардчилсан намын үнэт зарчим юм.
  3. Монгол улс өөрөө, өөрийгөө мэддэг болсон. Ардчиллын зарчмаар дотооддоо асуудлаа шийддэг эрхийг авч үлдсэн нь бидний үнэт зүйл юм. 
  4. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байхаас үл хамааран гадаад бодлогын үзэл баримтлалд захирагдах ёстой. Манай улсын гадаад бодлого муу биш, сайн бодлого. Харамсалтай нь хэрэгжилт нь муу байна.
  5. Монгол улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлого барьж зэвсэглэлээр хөөцөлдөхгүй аль нэгэн цэрэг, зэвсгийн эвсэлд нэгдэхгүй гэсэн Үндсэн хуулийн зарчимтай. Үүнээс хэн ч гажих ёсгүй. Ардчилсан намын дарга болбол үүнийг үргэлжлүүлнэ. 
  6. Цөлжилт, бэлчээрийн асуудлаас болж малчид өвс бараадан баруун аймгаас зүүн аймагт очиж эцэст нь монголчууд хоорондоо муудалцаж, талцдаг нэгнээ гадуурхдаг болж байна. Ардчилсан намын зарчим ялгаварла биш. Бид нэг л Монгол.
  7. Улаанбаатар хот усны хомстол, даац, хөрсний бохирдлоос болж хүнд байдалд орно. Монгол улсын нийт хүн амын 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотыг 40 жилийн дараа хааш нь нүүлгэх юм. Ямар бодлого барих юм. 
  8. Хан-Хэнтийн сав газар, Хөвсгөлийн ай сав газрын үндэсний паркийг тусгай хамгаалалтад авч ямар төлөвлөлт, бодлого барих замын зургаа өнөөдөр гаргах ёстой. Эрх барьж буй 60 гаруй гишүүнтэй нам ямар бодлого барих юм бэ. Энэ бодлогыг аль нам, хэн байхаас үл хамааран цаг ямагт шахаж шаардаж ажлыг нь хийлгэх ёстой. 
  9. Сошиал орчинд утгагүй маргаан, хэрүүл яваад байна. Хятадын талын баримтлагчид, ОХУ-ын талыг дэмжигч гэх мэт. Бид бусдын өмнөөс хоорондоо хэрэлдэж яах юм. Энэ хэнд ашигтай юм. Монголд лав ашиггүй. 
  10. Монгол улс хоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүдтэй олон талт бодлого явуулж байж тусгаар Монгол гэдгээ харуулж чадна.  Сүүлдээ хөрөнгө оруулагчдыг хөөж туудаг итгэл даахгүй, муу хүн болж хувирах гээд байна. Гаднаас биднийг нэг л Монгол гэж харна. 
  11. Ардчилсан нам хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Европын холбооны 28 улстай хамтын ажиллагааг эхлүүлж цаазын ялыг халж байсан. Хүний эрхийн салбарт маш том ололтуудыг хийсэн. НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан. Үүнийг үргэлжлүүлнэ. 
  12. Монголын ирээдүй, тусгаар тогтнол мөнгөөр хэмжигдэхгүй.
  13. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин бай, олонхоор ажлыг нь хийлгэх ёстой. Ингэж чадвал 2024 онд иргэдийн итгэлийг авч чадна.
  14. Төр нь хууль гаргаад баялаг бүтээгчдээ, иргэдээ тонодог байж болохгүй. Татварын хуулиа өөрчлөөд иргэдийнхээ нуруун дээрх ачааг нэмж болохгүй. Зөрчлийн хуулиар иргэд, аж, ахуй нэгжүүдээ чангалаад байж болохгүй.
  15. Төр мөнгө ургуулахгүй. Ерөнхий сайд мөнгө тариад, Монгол банк мөнгө үйлдвэрлээд монголчуудын амьдрал сайжирч, баяждаг бол ЗГХЭГ-т өнгөт принтер аваад өгчихье л дөө. Баялгийг шударгаар хөдөлмөрлөж, татвараа төлдөг компаниуд бүтээдэг юм.
  16. Төр дагаж амьдардаг компаниуд байж болохгүй. Үүнийг шударга бус бизнес гэнэ. ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд нь хуваагаад авчихдаг утгагүй зүйл байж болохгүй. Үүний эсрэг байх нь манай намын зарчим.
  17. Шударгаар хөдөлмөрлөдөг, татвараа төлдөг компани, аж, ахуй нэгжүүд, бизнесүүддээ адил тэгш эрхийг олгох ёстой. Энэ Ардчилсан намын зарчим, үнэт зүйл. 
  18. Монголд олон яам, агентлаг байх шаардлагагүй. Данхайсан төрөөсөө татгалз. Нэг УИХ-ын гишүүдэд зориулж тусгайлан яам байгуулж өгдгөө боль.
  19. Иргэдийнхээ бизнесийг булаадаг төрийн компаниудтай болчихлоо. Үүнийг жижиглэж, цомхтгож байж Монгол босож ирнэ. Эдийн засгийн хор уршиг нь аль ч намыг ялгахгүй. Харин үр шимийг монголчууд нийтээрээ л төлнө шүү дээ.
  20. Ардчилсан нам эвлэлдэж, хариуцлагатай, хүчтэй сөрөг хүчин байж иргэдийн баялгийг тонодог, даварсан хууль зөрчдөг хүмүүсээс хариуцлага нэхнэ. Биднийг хүчтэй сөрөг хүчин байгаасай гэсэн хүлээлт иргэдэд бий. Ардчиллыг дэмждэг олон мянган гишүүдийн итгэл найдвар бий. Үүнийг хөсөрдүүлж болохгүй.  Олонх болсон намыг шахаж, шаардах ёстой. Энэ бидний зарчим, үнэт зүйл. Үүн дээр тууштай зогсох ёстой.