ТОДРУУЛГА: Газар хөдлөлтийн улмаас Говь-Сүмбэр аймгийн байшин, барилгад нарийн цууралт өгсөн

ТОДРУУЛГА: Газар хөдлөлтийн улмаас Говь-Сүмбэр аймгийн байшин, барилгад нарийн цууралт өгсөн

Өчигдөр /2021.03.23/ 22:48 цагийн орчимд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн. Энэ талаар олон улсын хэвлэлүүдэд “Монголын төв цэгт газар хөдлөлт боллоо” гэж мэдээлсэн юм. Тэгвэл Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойд зүгт 16 км зайд 5,5 магнитудын хүчтэй хөдлөлт 22:46 цагт бүртгэгдсэн байна. Улмаар тус газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм.

Газар хөдлөлтийн улмаас Говь-Сүмбэр аймагт хохирол учирсан эсэх талаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Амгаланбаатартай утсаар холбогдож тодрууллаа. 

Тэрбээр "Газар хөдлөлтийн улмаас барилга, байшингийн хана, таазанд цууралт үүссэн гэх мэдээллийг иргэдээс ирүүлсэн. Энэ дагуу аймгийн Засаг даргаар ахлуулсан баг, бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж нөхцөл, байдлыг үнэлж байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Баянтал суманд нэлээн хүчтэй мэдрэгдсэн бол Сүмбэр, Шивээ, Говь-Сүмбэрт хүч султай мэдрэгдсэн. Зарим нэг байшинд нарийн цууралт л үүссэн. Түүнээс айлын гэр нурсан ч гэх юм уу маш том хохирол учраагүй" гэлээ.