ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо: Бага суудлын хуралдаан хуулийн дагуу болж, шийдвэрээ гаргасан

ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо: Бага суудлын хуралдаан хуулийн дагуу болж, шийдвэрээ гаргасан

ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан өчигдөр болж, цэцийн гишүүн Д.Солонгийн хянан хэлэлцэхээр үүсгэсэн маргааныг хүчингүй болгосон гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар сонгуульд нэр дэвших асуудлаар ҮХЦ-д маргаан дахин үүсэхгүй гэх ойлголт түгсэн.

Энэ мэдээллийг лавлахаар ҮХЦ-ийн гишүүдтэй холбогдлоо.

ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоо:

-Өчигдөр ҮХЦ дээр бага суудлын хуралдаан болсон юм уу. Зөрүүтэй мэдээлэл их байна?

-Энэ сарын 19-ны өдөр ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан болсон. Энэ сарын 22-ны өдөр мөн үргэлжлүүлэн хуралдсан.

-Ямар суудал хэлэлцсэн юм бэ. Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудал хэлэлцсэн юм уу?

-ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг хэлэлцсэн бага суудлын хуралдаан болсон.

-Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж шийвэрлэсэн гэх мэдээлэл яваад байна. Үнэн юм уу?

-ҮХЦ-ийн бага суудлын хуралдаан энэ сарын 19, 22-ны өдөр болдгоороо л болсон. ҮХЦ-ийн илтгэгч гишүүний тогтоол гарсан. Процесс ажиллагаанд холбогдох ҮХЦ-ийн Тамгын газрын хуульч, мэргэжилтнүүд болох 5 хүнтэй баг үүргээ ёсчлон гүйцэтгэсэн. Бүх юм ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу явагдаад Б.Буяндэлгэр гишүүний ҮХЦ-ийн дарга Н.Чинбатад гаргасан саналыг хэлэлцээд, Б.Буяндэлгэр гишүүний санал үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингэснээр урьд хэрэг үүсгээд явж байсан өөр нэг гишүүний тогтоолыг хүчингүй болгосон. Ийм л асуудал байгаа юм.

-Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой гаргасан мэдээлэл, түүнийг шалгасан гишүүний тогтоол нь жич асуудал. Тэр тогтоол хүчингүй болсон. Бага суудлын хуралдаан бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу болж, шийдвэр нь гардгаараа гарсан тул хууль ёсных.

-Бага суудлын хуралдаанд ҮХЦ-ийн гурван гишүүн оролцсон уу. Хуурамч тамга тэмдэг ашигласан гэж яригдаад байна?

-Үндсэн хуулийн цэцийн даргын шийдвэрийг зөрчиж болохгүй. Гурван гишүүн гурвуулаа бага суудлын хуралдаанд оролцсон. Ийм муухай худал улстөржсөн зүйл байж болохгүй. Цэцийн шийдвэр гардгаараа гарсан. Бага суудлын хуралдааны гишүүний олонх цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн гаргасан санал үндэслэлтэй байна гэж үзсэн. Шийдвэрт санал нийлээгүй нэг гишүүн үндэслэлээ протоколд тэмдэглүүлнэ. Үр дүнд хичнээн дургүй байлаа гээд олонх санал нэгдсэн тул заавал гарын үсгээ зурж, олонхийн шийдвэрийг үг дуугүй дагах хуультай. Эсрэг саналтай гэдгээрээ хуралдааныг хаях, орхих, гацаах ойлголт байх ёсгүй. Бага суудлын хуралдаанд 5 хүнтэй хуульч мэргэжилтнүүдийн баг ажилласан. Процессийн дагуу болж өнгөрсөн. Хоёрхон хүн суугаад шийдчихдэг юм биш.

Д.Одбаяр: Хэвлэл, мэдээллийн ажилтнаар дамжуулж мэдээлэл гарна.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой бага суудлын болсон, болоогүй гээд мэдээлэл явж байна. Ийм хуралдаан болсон юм уу?

-Хэвлэл, мэдээллийн ажилтнаар дамжуулж мэдээлэл гарна.

Эх сурвалж: Өрөг.мн              




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө