С.Энхболд: ЭМЯ БЗД-ийн 26-р хороонд хатуу хөл хорио тогтоо гэж хэлээгүй

С.Энхболд: ЭМЯ БЗД-ийн 26-р хороонд хатуу хөл хорио тогтоо гэж хэлээгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн 26-р хороонд хөл хорио тогтоосон талаар гишүүд УОК-ын дарга С.Амарсайхан, ЭМЯ-ны сайд С.Энхболдоос асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Өчигдөр БЗД-ийн 26-р хороонд гэнэтийн бэлэг барьсан. Засгийн газар хатуу хөл хориог цуцлахдаа дахин гэнэтийн хөл хорио тогтоохгүй гэж ярьсан. Маш олон хүнд ажлаа зохицуулах боломж олгосонгүй. Тус дүүрэгт 31 мянган хүн амьдардаг, идэвхтэй хороо. Яагаад ийм гэнэтийн шийдвэр гаргасан талаар дүүргийн онцгой комиссоос асуухад “ЭМЯ-ны сайдаас бичиг ирсэн” гэж байсан. ЭМЯ шийдвэр гаргах ёстой юм уу, эсвэл УОК шийдвэр гаргах ёстой юм уу. Нэг яамны сайд том дүүрэгт бүхэлд нь хязгаарлалт тогтоох чиглэл өгдөг болчихсон юм уу. Эсвэл хэл амнаас айж бие биерүүгээ чихээд байгаа юм уу” гэв.

Харин ЭМЯ-ны сайд С.Энхболд “Бид Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой комиссын гишүүд уулзаж халдвар аль хороо дүүрэгт идэвхтэй байгаа талаар судалгаа хийсэн. Улмаар НОК-д ЭМЯ-аас өндөр халдварын эрсдэлтэй байгаа дүүрэг, хороодод голомт идэвхтэй байгаа учраас дараагийн шатны арга хэмжээнүүдийг авч ажиллана уу гэсэн албан бичиг явуулсан. Түүнээс биш хатуу хөл хорио гэсэн тогтоох тодорхой заалтыг дурдаагүй. Санал явуулсан. 

Ийм санал явуулах болсон үндэслэл нь гуравдугаар сарын 11-16-ны хооронд тус дүүргийн нийт 36 байранд 54 голомт, 188 ойрын хавьтлыг илрүүлсэн. Энэ нь бусад дүүрэг, хороодоос нэлээд идэвхтэй голомт байгааг харуулж байгаа юм. Тиймээс НОК-той ярилцаж албан бичгийн саналыг явуулсан. Түүнээс хатуу хөл хорио тогтоож, гэнэтийн шийдвэр гарга гэж хэлээгүй" гэв.