Ж.Эрдэнэбат пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар ТАНГАРАГАА өргөнө

Ж.Эрдэнэбат пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар ТАНГАРАГАА өргөнө

Энэ сарын 03-ны өдрийн 10:00 цагт /2021.03.03/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хорих ангиас суллагдах хүсэлтийг хэлэлцэж таслан сэргийлэх арга хэмжээ аван, сулласан. 

Ингэснээр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж бүрдсэн юм. Түүнийг хаврын чуулганы нээлтийн үеэр “УИХ-ын гишүүний тангаргаа өргөж” магадгүй гэж бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл бидний мэдээлсэнчлэн тэрбээр энэ долоо хоногийн пүрэв гаригийн хуралдаанд тангарагаа өргөх аж. 

МАН-ын бүлгийн гишүүд ч түүний тангарагийг нь өргүүлье хэмээн санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Хэдийгээр шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан ч  "Хүнтэй уулзаж болохгүй. Ямар нэгэн арга хэмжээ хуралд оролцож болохгүй" гэх хязгаарлалт тавиагүй учир ийнхүү тангарагийг нь өргүүлэх аж. 

Дашрамд дурдахад, түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан учир СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон.  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгаад байгаа юм.