ТЕГ-аас С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргах саналыг Засгийн газарт 2020 онд оруулж байжээ

ТЕГ-аас С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргах саналыг Засгийн газарт 2020 онд оруулж байжээ

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас 2020 оны долдугаар сард С.Зоригийн хэргийг бүхэлд нь нууцаас гаргах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж байжээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар "2020 оны долдугаар сарын 10-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Т.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг буюу бүхэлд нь нууцаас гаргах асуудлыг оруулсан. Тухайн үед хэлэлцэх асуудлаас хасагдсан. Баяр наадмын өмнө таараад" гэж тайлбарласан билээ. 

Гэтэл тус асуудлыг Засгийн газар өнөөдрийг хүртэл хэлэлцэж, шийдвэрлээгүй нь анхаарал татаж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар олон нийтэд мэдээлж буй. Үнэхээр хүний эрх зөрчсөн, шүүх хуулийн байгууллагын шударга бус үйл ажиллагаа явагдсан бол тус хэргийг бүхэлд нь олон нийтэд ил болгох хэрэгтэй гэх байр, суурийг илэрхийлэх хуульчид байна. 

Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Уг хэргийг илрүүлнэ, зарлана гэсэн хүмүүс 23 жил ярилаа. Урагшаа ахидаггүй, үйл явц нь ил тод болдоггүй. Илрүүлсэн ч юм шиг үгүй ч юм шиг. Эрүүдэн шүүсэн ч юм уу, үгүй ч юм шиг. Хавтаст хэргийн материалтай танилцсан хүмүүст үйл явцын дүр зураг тодорхой боловч улс төрчдийн олон нийт рүү гаргаж буй үзэгдэл нь хуурмаг байна. Тиймээс хэргийг бүхэлд нь ил болгох хэрэгтэй байх. Зөвхөн жижиг хэсэг, деталийг нь ил гаргачихаад 99 хувийг нь нууж өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж байна. Улс төрд ашиглаад байна" гэсэн юм.