Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн цогсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхгүй, тусгай журмаар чандарлана

Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн цогсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхгүй, тусгай журмаар чандарлана

Манай улсад коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол энэ сарын 4-ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн. Тодруулбал, ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байсан 76 настай эрэгтэй нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдсан, доод мөчдийн судасны бөөгнөрөл гэсэн архаг хууч өвчнөөр эмчлэгдэж байгаад коронавирусийн халдвар авч, улмаар ХӨСҮТ-д очин тав дахь хоногийн эмчилгээн дээрээ нас барсан юм.

Тэгвэл коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн цогсыг ар гэрт нь хүлээлгэн өгөхгүй, эмнэлгийн байгууллага тусгай журмаар шатааж, устгах шаардлагатай гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдлээ. ДЭМБ-аас өнгөрсөн хугацаанд бусад улс орнуудад коронавирусийн халдварын улмаас нас барагсдын цогцсыг ар гэрт нь өгч, оршуулах зан үйлийг бүрэн хориглосон.

Үүний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төв халдвар авсан иргэний цогцсыг тусгай журмаар чандарлах аж.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан 76 настай иргэн Хавдарт  өвчин судлалын төвийн  /ХСҮТ/ яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаач нь цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Дагалдах онош нь коронавирусийн  халдвар байсан талаар ЭМЯ-наас мэдээлж байсан.

Тус тохиолдлыг Жон Хопинскийн их сургууль “халдвараар нас барсан иргэдийн тоонд бүртгэсэн” бол манай улсын албаны эх сурвалжууд түүнийг зүрх, судасны хүндрэлээр нас барсан хэмээн мэдээлж буй. Гэсэн хэдий ч тухайн иргэний оршуулгын ёслолд оролцсон зургаан хүн, ХСҮТ-ийн хоёр  эмчээс халдвар илэрсэн юм. Тиймээс ямар ч өвчний хүндрэлээр нас барсан халдварын хам шинжтэй байсан бол тухайн иргэдээс PCR шинжилгээ авч, тусгай журмаар чандарлах шаардлагатай болсон гэдгийг ЭМЯ-наас мэдэгдээд байна.