ДЭЛГЭРЭНГҮЙ: Халдварлах чадвар өндөр коронавирусийн шинэ хувилбараас дэлхий нийт болгоомжлох ёстой юу

ДЭЛГЭРЭНГҮЙ: Халдварлах чадвар өндөр коронавирусийн шинэ хувилбараас дэлхий нийт болгоомжлох ёстой юу

Энэ сарын 15-ны өдөр Их Британийн өмнөд бүс нутагт коронавирусийн шинэ хувилбар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокк  мэдээлсэн юм. Тухайн үед “new variant” буюу шинээр илэрсэн төрөл нь 60 бүс нутгийн нийт 1 мянга хүнээс илрээд байгаа гэж байсан бол удалгүй Шотланд, Уэльс, Дани улсуудад ч бүртгэгдэж эхэлсэн юм. Аливаа вирус үргэлж мутацид орж өөрчлөгдөж байдаг.

Гэсэн ч аль хэдийн дэлхий нийтийн толгойн өвчин болсон коронавирус мутацид орох үзэгдэл нь эрдэмтдийн санааг зовоосон гол асуудал болсоор ирсэн юм. Энэ удаа шинээр илэрсэн коронавирусийн төрөл нь хүнээс хүнд халдварлахдаа илүү “гаргууд” гэдгээрээ онцлог. Эрдэмтдийн ийн таамаглал дэвшүүлэх болсон шалтгаан нь Их Британийн өмнөд  нутагт халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотой гарсан гэж хэлэх үндэслэлтэй. Учир нь тус бүс нутагт илэрсэн халдваруудын ихэнх нь шинэ төрлийн вирусээс үүссэн байгаа юм.

-ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУС ХЭР ХУРДАН ХУГАЦААНД ТАРХАХ БОЛОМЖТОЙ ВЭ-

Шинээр илэрсэн коронавирусийн хувилбарт дараах шинж тэмдэг ажиглагдаж буйг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал,

  1. Шинэ хувилбар нь бусад вирусийн төрөлтэй маш хурдан солигдох чадвартай,
  2. Шинэ хувилбар нь вирусийн гол хэсэг нь нөлөөлдөг мутацийг агуулсан,
  3. Мутаци нь вирусийн эсийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг аж. Энэ гурван шинж тэмдэг нэгдвэл вирусийн тархалтыг нэмэгдүүлдэг байна.

Хачирхалтай нь мутацид орсон энэ шинэ төрөл одоо л илэрч байгаа юм биш. Өнгөрсөн есдүгээр сард Лондонд бүртгэгдэж байсан аж. Удалгүй 11-р сард Лондонд бүртгэгдсэн нийт халдварын дөрөвний нэг нь шинэ төрлийн вирус байсан бол энэ сарын дундуур бараг гуравны хоёрд хүрсэн байна. Үүнээс шинэ төрлийн вирус хэр хурдан тархаж байгааг харж болох юм/Доорх диаграмд вирусийн тархалтыг харуулсан болно/.

Өнгөрсөн баасан гарагт /2020.12.18/ Лондонгийн Эзэн хааны коллежийн доктор Эрик Волз вирусийн талаар хэлэлцүүлэгт оролцохдоо “Судалгаа шинжилгээг эцэслэн хийхэд цаг хугацаа шаардагдана. Одоо баттай хэлэхэд эрт байна.

Гэхдээ бидний харж байгаагаар шинэ төрлийн вирусийн тархалт маш хурдацтай явагдаж байна” гэжээ. Үүний дараа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон шинэ хувилбарын тархах чадвар өмнөхөөс 70 хувиар илүү байна гэсэн юм.

Бас нэг сонирхол татсан асуудал нь шинэ вирус Их Британид гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзэж байгаа юм. Тодруулбал тус орны эрдэмтэд вирусийн мутацийг хянах чадвар багатай орноос зөөвөрлөгдөн орж ирсэн гэж таамаглаж байна. Дэлхий даяар вирусийн генетикийн кодыг хянадаг “Nextstrain”-ийн мэдээллээс харахад Дани, Австралид илэрсэн тохиолдол нь Их Британиас зөөвөрлөгдөн орж ирсэн нь тогтоогдсон байна. Үүний дараа Нидерланд ч шинэ хувилбар бүртгэгдсэн юм.

-ШИНЭЭР ИЛЭРСЭН ВИРУСИЙН ХУВИЛБАРЫН ТАЛААР БИД ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ-

Шинээр илэрсэн коронавирус нь анх БНХАУ-ын Ухуань хотод голомтлон тархаж байсан вирусээс тэс өөр. Үнэндээ одоо манай орон төдийгүй дэлхийн бусад оронд ч анх Ухуаньд илэрч байснаас өөр буюу мутацид орж өөрчлөгдсөн вирус тархаж байгаа гэж ойлгож болно. Тодруулбал, мутацид орсон коронавирусийн “D614G” гэж нэрлэгдсэн төрөл анх хоёрдугаар сард Европд илэрч байсан бол одоо дэлхийн хэмжээнд зонхилох хэлбэр болжээ. Мөн өөр нэг төрөл болох “A222V” Испанид голомтлон тархаад буй.

Их Британи болон Кембрижийн их сургуулийн профессоруудын гаргасан эхний судалгаанд дурдсанаар:

  • Шинэ төрөл нь вирусийн баяжуулалтын уураг дээр илэрдэг. Баяжуулалтын уураг” гэдэг нь covid-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлдэг юм.
  • Лабораторийн туршилтаар шинэ мутаци нь халдварыг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг нотолсон,
  • Шинэ төрлөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь дархлаа султай байсан аж. Үүнээс үндэслэн энэ мутаци дархлаа султай хүмүүсийг “бай”-гаа болгодог гэсэн нийтлэг гурван шинж тэмдгийг дурджээ.

-ВАКЦИНУУД ШИНЭЭР ИЛЭРСЭН ТӨРӨЛД НӨЛӨӨЛЖ ЧАДАХ УУ-

Эрдэмтэн, судлаачдын хамгийн их санаа зовоож буй асуудал нь энэ юм. Коронавирусийн халдварын ДЭМБ албан ёсоор зарласнаас хойш улс орнууд вакцин бүтээх ажилд ханцуй шамлан орж, бараг нэг жилийн дараа эхний вакцинууд үйлдвэрлэгдэн гарч байна. Гэтэл шинэ төрлийн мутаци энэ хөдөлмөр, цаг хугацааг үгүй хийх үү гэдэг асуудал урган гарна.

Шинээр гарч буй вакцинууд коронавирусийн баяжуулалтын уураг руу чиглэсэн байдаг бол мутац чухамдаа тус уураг дээр илэрч байгаа юм. Вакцин мутацийг устгаж болох ч мутаци дахин мутацилагдаж вакцинаас зугатах чадвартай болбол байдал буруугаар эргэх нь дамжиггүй.

Энэ талаар Глазговын Их сургуулийн профессор Дэвид Робертсон "Вирус вакцинаас зугтах мутант үүсгэх боломжтой эсэх" гэсэн сэдвээр танилцуулга хийсэн байна. Түүний танилцуулгад дурдсанаар вакциныг мутацид тохируулан тогтмол шинэчилснээр энэ асуудлыг шийдэж чадах гэнэ.  

Түүнчлэн Германы “BioNTech” компанийн гүйцэтгэх захирал, Pfizer, BioNTech вакциныг бүтээгчдийн нэг Угур Сахин “Бидний бүтээсэн вакцин одоогийн мутацид орсон вирусээс ч гэсэн хамгаалж чадна гэсэн итгэл өндөр байна. Хэрэв вакциныг мутацид орсон вирусын эсрэг илүү сайжруулах шаардлага гарвал үүнийг бид 40-42 хоногийн дотор хийж, сайжруулсан вакциныг бүтээн гаргах боломжтой” гэж мэдэгдсэн юм. Биотехнологийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжсөн улс орны эрдэмтэн судлаачид ингэж хэлж буйгаас харахад шинэ төрлийн вирусийн хувилбарт вакцин нөлөөлж чадах бололтой.

Эх сурвалж: BBC, University of Glasgow