Сэлэнгэ, Улаан-Үдийн иргэд “Алтан булаг чөлөөт” бүсэд намаржин зорчсон нь халдвар тархах үндэс болсон уу

Сэлэнгэ, Улаан-Үдийн иргэд “Алтан булаг чөлөөт” бүсэд намаржин зорчсон нь халдвар тархах үндэс болсон уу

Дэлхий даяар коронавирусийн халдвар тарж эхэлснээс хойш манай улс арван сарын турш халдварыг дотооддоо алдалгүй амжилттай барьж байсан ч 21 хоногийн тусгаарлалтаасаа гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, уг өвчнийг дотооддоо алдсан билээ. Одоогоор ХӨСҮТ-ийн эмч, ажилчидтай нийлээд дотоодын 27 халдвар албан ёсоор бүртгэгдээд буй.

Үүнээс гадна Сэлэнгэ аймагт батлагдсан нийт есөн тохиолдол байгаа бөгөөд тэдгээрийг нэн яаралтай тусгаарлаж, ойрын болон дам хавьтлуудыг олж илрүүлэх ажил үргэлжилсээр байна.

Нийслэл хотод илэрсэн ачаа тээврийн жолоочтой холбоотой батлагдсан тохиолдлуудаас гадна Сэлэнгэ аймагт мөн тусдаа тохиолдлууд бүртгэгдсээр байгаа нь иргэдийн анхаарлыг ихээр татаж, тэднийг айдаст автуулаад байна.

-СЭЛЭНГЭ АЙМАГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУД НЬ ЭМЧ, ЦАГДАА БОЛОН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТНУУД БАЙЖЭЭ-

Тодруулбал энэ сарын 13-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэн 74 настай Ц-ээс халдвар илэрсний дараа түүний бэр болон ойрын хавьтал болох хоёр бага насны хүү нь мөн халдвар авсан нь тогтоогдсон юм. Харин өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуураар нийт 22 хүнээс халдвар илэрснээс тав нь PCR буюу нарийвчилсан шинжилгээгээр батлагдсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Ийнхүү Сэлэнгэ аймаг коронавирусийн халдварын голомт болсон шалтгаан нь чухам юутай холбоотой болох талаар иргэд санал, таамаг ихээр дэвшүүлж эхлэв. Өчигдөр Сэлэнгэд батлагдсан таван тохиолдол нь эмч, цагдаа, лаборант болон төмөр замын ажилчид байсан гэдгийг зарим албан бус эх сурвалжууд мэдээлж байсан юм. ЭМЯ-наас мэдээлэхдээ төмөр зам дагасан эдгээр төв суурингуудад тандалт судалгааны ажил үргэлжлэн хийгдэнэ гэж мэдэгдсээр байна.

Энэ намар Сэлэнгэ аймгийн зарим иргэд ОХУ-ын Улаан-Үдэд зорчсон байж болзошгүй баримт

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД “АЛТАНБУЛАГИЙН ЧӨЛӨӨТ БҮС” НЭЭЛТТЭЙ АЖИЛЛАЖ ИРГЭД ОРЖ, ГАРАХ НЬ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЖЭЭ-

Тэгвэл тус аймгийн халдварын голомт болсон гол шалтгаан нь Алтанбулагийн чөлөөт бүстэй холбоотой гэдгийг олон эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Чөлөөт бүс нь ОХУ болон Монгол улсын хоорон дахь худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх гол хэсэг бөгөөд үүгээр дамжин олон нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, хүнс, эм тариа, тоног төхөөрөмж, түүхий эд манай улсад орж ирдэг билээ. Мөн аймгийн худалдаа наймаа эрхэлдэг иргэд ч тус чөлөөт бүсээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хот руу зорчих нь түгээмэл.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус чөлөөт бүс нь нээлттэй ажиллаж, иргэд чөлөөтэй орж гарч байсан бөгөөд саяхнаас хаагдах шийдвэр гаран хүний хөл татарчээ.

Мөн өчигдөр УОК-оос мэдээлэл хийхдээ тус аймгийн голомт нь ОХУ-аас орж ирдэг ачаа барааг хүлээн авдаг иргэн болох талаар дурдсан бөгөөд Дархан-Уул аймагт батлагдсан нэг тохиолдол нь худалдаа наймаа эрхэлдэг иргэн байжээ. Үүнээс үзэхэд өнгөрсөн хугацаанд Алтанбулагийн боомтоор орж ирж байсан ачаа тээвэрт хийдэг ариутгал халдваргүйжүүлэлт муу, мөн хилийн боомтын хяналт шалгалт хангалтгүй байсан уу гэдэг асуулт гарч ирж буй юм. Зарим эх сурвалжын мэдээлснээр тус чөлөөт бүс өнгөрсөн зун хяналт шалгалт маш муу байсан бөгөөд сонгуультой холбоотойгоор анхаарал, сэрэмж алдсан байж болзошгүй гэдгийг хэлж байсан юм.

-ХИЛИЙН БООМТООР ОРЖ ИРДЭГ АЧАА ТЭЭВРИЙН АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ, ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ МУУ БАЙСАН УУ-

Мөн тус аймагт амьдардаг иргэд “Төмөр замын агентууд гээд орос, буриадууд ороод ирчихсэн аймгийн захаар их явж харагддаг байсан” талаар мэдээлж байна. Энэ зун ч тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн хэд хэдэн жолоочоос халдвар илэрч байсан удаатай. Коронавирусийн халдвар нь хатуу гадаргуу дээр олон хоног амьдрах чадвартай бөгөөд гадны улс орноос дамжин орж ирж буй ачаа тээвэрт маш сайн ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай талаар гадны эрдэмтэд анхааруулсаар байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлах байранд 17, "Номин" зочид буудалд иргэн Ц-гийн ойрын хавьтлын 24, нийтдээ 44 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

Мөн өчигдрөөс эхлэн аймгийн төвийн хэмжээнд явуулын баг ажиллаж, иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхлээд байна. Өнөөдөр УОК-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдэгдэхдээ “Сэлэнгэ аймгийн төв буюу Сүхбаатар сумын нутагт 25 мянган иргэн байна. Долоо хоногийн хугацаанд халдварын тархалтыг зогсоохын тулд бүх иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулна. Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Сүхбаатар суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлж, эмнэлгийн эмч, ажилтнуудыг өөр байранд шилжүүлэх ажил явагдаж байна” хэмээн мэдэгдсэн юм.