АНУ-ын “Moderna” компанийн вакцины туршилт 95 хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

АНУ-ын “Moderna” компанийн вакцины туршилт 95 хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

АНУ-д төвтэй “Moderna” биотехнологийн компанийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг зарлалаа. Тэд туршилтаа эхний 95 хүн дээр туршихад 94,5 хувийн эерэг үр дүн гарчээ.

Тиймээс илүү олон хүний туршилтын үр дүн гарсны дараа АНУ-ын засгийн газраас түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Гэхдээ тус компани вакцинаа ирэх оныг хүртэл олон улсын зах зээлд гаргахгүй юм байна. Энэ оны сүүлчээр 20 сая тун вакциныг АНУ-ын зах зээлд гаргаж, ирэх онд дэлхийн бусад орнуудыг оролцуулаад 500 сая тун вакцин гаргахаар төлөвлөжээ.

Долоо хоногийн өмнө Герман, АНУ-ын “Pfizer” болон “BioNTech” компаниудын вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй гарсан талаараа мөн зарласан. “Pfizer”-н вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол харин “Moderna”-гийн вакцин цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай аж. Тус вакцины хувьд цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг баталжээ.

Харин үнийн хувьд бусад вакцинаас арай үнэтэй буюу нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь 50-60 долларын  үнэтэй болох аж. Одоогоор туршилтын үйл явц нь амжилттай яваа “AstraZeneca”  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь 4 долларын, Johnson & Johnson компанийн вакцин тун нь 10 доллар орчим байхаар үнэлэгдээд байгаа юм. Харин "Pfizer" болон "BioNTech" компаниуд вакцины хоёр тун нь 40 ам.доллар орчим үнээр гарахаа мэдэгдсэн билээ. 

АНУ-ын засаг захиргаа "Moderna"  компанид вакцины судалгааны үйл ажиллагаанд нь зориулж 486 сая доллар,  "Johnson & Johnson" компанид 456 сая доллар төвлөрүүлсэн байна. Мөн  Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй  "AstraZeneca" компанид 1,2 тэрбум доллар олгожээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Guardian, BBC