Энэтхэгийн саран дээр буух сансрын хөлөг хөөрч чадсангүй

Энэтхэгийн саран дээр буух сансрын хөлөг хөөрч чадсангүй

Энэтхэг улс сарны гадарга дээр буулгах хөлгөө хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч техникийн асуудлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Хэрэв Чандраян2 хөлөг дэлхийн дагуул дээр амжилттай газардвал Энэтхэг улс нь Орос, АНУ, Хятадын дараа саранд хүрсэн дөрөв дэх улс болох гэнэ. Шөнийн 2:51 цагт хөөргөхөөр тоолуур ажиллаж эхэлсэн ч ердөө 56 минут, 24 секундын өмнө техникийн доголдол илэрснээр тоолуурыг зогсоож, төлөвлөгөөг цуцалжээ.

Хөлгийг хөөргөх шинэ хугацааг одоогоор зарлаагүй байна. Түүнчлэн техникийн ямар доголдол илэрсэн талаар мэдээлэл өгөөгүй байгаа аж. Нисгэгчгүй, автомат удирдлагатай сансрын хөлөг есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сарны өмнөд туйлд буух төлөвлөгөөтэй байжээ.

Энэтхэг улс 2008 онд Чандраян1 хөлгийг сар руу илгээсэн нь газардах зорилгогүй, сарны тойрог замд ажиллаж байна. Харин Чандраян2 нь хүн төрөлхтний судалж чадаагүй байгаа сарны өмнөд туйлд газардах зорилготой гэнэ.

Нийт $142 саяын өртөгтэй Чандраян2 хөлөг сарны гадаргын зураглалыг гаргаж, хөрсний бүтцийг судлах юм. Энэ онд Израйль улс судалгааны хөлгөө сар руу илгээж, сарыг эзэмшсэн дөрөв дэх улс болохыг зорьсон ч техникийн алдаанаас болон бүтэлгүйтсэн билээ. Израйлийн хөлөг саран дээр буух үе шатандаа эвдэрч, сүйрсэн байна.