Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг Б.Маралтай ярилцлаа

Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэг Б.Маралтай ярилцлаа

Монгол бүсгүй Б.Марал саяхан Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарч, Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалах тэтгэлэг хүртсэн билээ. Дэлхийн залуустай мөр зэрэгцэн сансар огторгуй, хиймэл оюун судлаж, код бичихийн зэрэгцээ хээрийн судалгаагаар явж, олон адал явдалтай учирдаг дайчин бүсгүй Б.Маралтай түүний ажил мэргэжлийн онцлог болоод судалгааных нь талаар ярилцсан юм.

-Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Б.Марал гэдэг. Би 12 настайдаа гэр бүлтэйгээ Герман улсад очиж, үргэлжлүүлээд Англи улсыг зорьсон. Үүний шалтгаан нь ээж маань шинжлэх ухааны магистр, докторын зэргийг эдгээр улсад хамгаалсан юм. Тиймээс би Лондонд дунд сургуулиа төгсөж, Бристолын их сургуульд бакалавр, мастераа хамгаалсан. Одоо Оксфордод амьдардаг, геологич мэргэжилтэй. Их Британийн Засгийн газрын “Satellite Applications Catapult” инновацийн төвд сансрын зайнаас тандан судлалын мэргэжилтнээр ажилладаг.

-Монгол бүсгүй Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр шалгарч, тэтгэлэг авсан мэдээг сонсоод их бахархаж байлаа. Юун түрүүнд баяр хүргэе. Энэ тэтгэлэг ямар учиртай тэтгэлэг вэ?

-Их баярлалаа. Миний хүртсэн тэтгэлэг бол Хунтайж Альбертийн нэрэмжит Эрхэм дээдсийн комисс (Prince Albert’s Royal Commission of the Exhibition of 1851) хэмээгдэх сангийн тэтгэлэг байгаа. Уг сангийн үйлдвэрлэлийн тэтгэлэг нь шинжлэх ухаан, инженерийн аль ч салбарт үйлдвэрт нэвтрэх судалгаа шинжилгээг нээлттэй хийх боломжийг тухайн салбарын тэргүүлэх компанид ажилладаг хүмүүст олгодог.

Энэ жилийн хувьд, металл болон керамикийг шинэ технологиор барьцалдуулж хамгаалалтын хэрэгслийг сайжруулах, хиймэл оюун ухаан ашиглаж хувь хүнд тохирсон чихрийн шижин өвчний эмчилгээ бий болгох, мөн хиймэл оюун ухаан болон хиймэл дагуулын өгөгдөл ашиглаж томоохон байгууламжуудыг нуралтаас хамгаалах технологи зэрэг олон шилдэг судалгааны ажлууд хамрагдсан.

-САНСРЫН ЗАЙНЫ ТАНДАН СУДАЛГАА, ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ГЕОТЕХНИК ГЭСЭН 3 ӨӨР САЛБАРЫГ НЭГТГЭСЭН СУДАЛГАА ХИЙНЭ-

-Тэгвэл таны хувьд шилдэг 10 судлаачийн нэгээр шалгарахдаа ямар чиглэлийн судалгаа хийсэн бэ?

-Миний хувьд сая дурьдсан хиймэл дагуулын өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан уул уурхайн хаягдлын далан гэх мэт том хэмжээний байгууламжууд нуран унахаас эрт сэргийлэх, сэрэмжлүүлэх системийг боловсруулах ажлаараа шилдэг 10 судлаачийн нэгээр шалгарч Оксфордын их сургуульд докторын зэрэг хамгаалах болсон.

-Таны энэхүү судалгааны ажил юугаараа онцлогтой вэ? Судалгааныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ ажилд 3 тэс өөр салбарыг нэгтгэх шаардлагатай. Сансрын зайны тандан судалгаа, хиймэл оюун ухаан ба геотехник. Энэ утгаараа маш шинэлэг ажил болох юм. Сансрын зайны тандан судалгаагаар суурь хэмжих өгөгдлийг гаргаж, уг өгөгдлийг геотехникийн хувьд баталгаатайгаар боловсруулах аргыг судална. Дараа нь бат бөх боловсруулсан өгөгдөлдөө тулгуурлан хиймэл оюун ухааныг ашиглан сэрэмжлүүлэх системийг нь бий болгоно гэсэн үг.

Энэ үе шат болгонд тухайн мэргэжлийн экспертуудтай хамтран ажиллаж, олон төрлийн уналт ба далан дээр олон туршилт хийж үзнэ. Бүх үе шатуудад хэмжилтийн тодорхойгүй байдлыг багасгах зэрэг турших, санаж бодох зүйлс олон бий. Сая аравдугаар сараас албан ёсоор эхэлсэн байгаа.

-Таны хувьд одоогийн “Satellite Applications Catapult”-д хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Анх яаж ажилд орж байв?

-Би 2017 оноос энэ байгууллагад ажиллаж эхэлсэн. Анх их сургуулиа төгсөөд “Airbus Defense and Space” хэмээх хиймэл дагуул, онгоц бүтээдэг компанид ажилд орсон юм. Тэнд ажиллаж байхдаа Лондон хотод мэргэжлийн түвшний хурал дээр “Satellite Applications Catapult” (одоогийн ажиллаж буй байгууллага)-ын даргатайгаа танилцсан. Тэдний багийн нэг гишүүний илтгэлийн дараа би олон асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ нь манай даргад гүн сэтгэгдэл үлдээсэн юм билээ. Ингээд намайг өөрийн багт байх ёстой хүн гэж үзэн анкетаа явуулахыг санал болгосон.

-ХЭЭРИЙН СУДАЛГААГААР ЯВАХАД АДАЛ ЯВДАЛ ИХТЭЙ,
ХАЖУУД ГАЛТ УУЛ ХҮРТЭЛ ДЭЛБЭРЧ БАЙСАН-

-Таны ажил их сонирхолтой санагдлаа. Сансрын зайнаас тандан судална гэхээр өдөр тутамдаа чухам юу хийдэг вэ?

-Код маш их бичдэг. Тодруулбал, аливаа салбарын гол тулгамдсан асуудлыг сансрын технологиор шийдэл гаргаж болох эсэхийг судалж, янз бүрийн туршилт хийх зорилгоор бичдэг л дээ. Эдгээр нь сансраас авсан анхан шатны зураг боловсруулахаас эхлээд төрөл бүрийн анализ хийх кодыг боловсруулахад оршино.

Мөн тухайн газар нутагт нь очиж хээрийн судалгаа хийх ажил ч ордог. Тухайлбал, Кембрижийн их сургуулийн профессоруудын багтай Перу улсад очиж сансрын шинжилгээгээ баталгаажуулах хээрийн судлагааг хамгийн сүүлд хийж байлаа. Ингэж явахад их адал явдалтай байдаг хажууд галт уул хүртэл дэлбэрч байсан.

-Таны хувьд энэ бүх боломжийг өөртөө нээхэд тус болсон хамгийн суурь зан чанар юу вэ? Магадгүй таны зан чанараас илүү санамсаргүй тохиолдсон үйл явдал ч байж болно? Чухам юу таныг энд хүргэв?

-Хүн ховор эсвэл үнэтэй ур чадвартай байж өөрийн ажиллаж буй чиглэлдээ үнэ цэнэ авч ирдэг. Өөрийн ажиллаж, сурч буй чиглэлдээ хамгийн хүнд, хэцүү эсвэл ховор зүйлсийг нь олж харах хэрэгтэй. Тэгээд тэр зүйлийг нь тултал нь сурах нь чухал болов уу.

Геологи болон зайны тандан судалгаанд код бичих хүмүүс их ховор байдаг тул би үнэгүй MOOC-нүүдээс Python сурч эхэлсэн. Python нь өндөр төрлийн програмчиллын хэл юм. Үүнийг  гайгүй сурсан үеээсээ эхлэн ажил дээрээ software баг болон өөрийн баг хоёрын дунд гүүр болон ажиллах болсон. Энэ нь миний зүгээс ажилдаа өгөх мэргэжлийн саналын үнэ цэнийг ихээр нэмэгдүүлсэн юм. 

Ингээд хүн өөрийн чаддаг зүйлээсээ таашаал авч эхэлдэг. Тэгээд нэг суусан газраасаа шороо атгасан бол нийгэмд эсвэл өөрийн сонирхолдоо ямар сайн нөлөө үзүүлэх вэ хэмээн тунгаан бодсноор цаашид үйл ажиллагаа эхлүүлэх тавцанг өгдөг болов уу.

-ХҮМҮҮСИЙГ ЦАЛИНГИЙН БООЛЧЛОЛООС
ЧӨЛӨӨЛӨХ МӨРӨӨДӨЛТЭЙ-

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач. Дэлхийн хэмжээнд ажилладаг хүний мөрөөдөл илүү гүн гүнзгий байх болов уу?

Чухал асуулт байна. Одоогоор хэд хэдэн томоохон мөрөөдөл байгаа. Заримаас нь дурьдвал, нэгдүгээрт, мэдээллийн эрин зууны давуу талыг ашиглан Монголынхоо нийгмийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжих төсөл хэрэгжүүлж дэлхийн мэдлэгт хувь нэмрээ оруулах. Сансар, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц төвүүдийг Монгол улсдаа байгуулах боломжийг бүрдүүлэх тал дээр ахтайгаа хамтарч ажиллахаар ярилцаж байна. Энэ ажилдаа эмзэг бүлгийнхэн болон өрх толгойлсон эцэг, эх зэрэг боломж хязгаарлагдмал хүмүүсийг оролцуулж, тэднийг дэмжиж дээш өргөх зорилготой.

Хоёрдугаарт, доктрантураа дуусгаад дэлхийн томоохон дэд бүтцүүдийг сансраас Монголоос хянах үйлчилгээг бий болгох. Ингэснээр монгол хүний, Монгол улсын бий болгосон технологийг дэлхийд түүчээлэх цагийг ойртуулахаар зорьж байна.

Гуравдугаарт, дээр дурьдсан ажлууддаа одоогийн зэрлэг капитализмын хандлагаар биш өөр зарчмаар хийж дэлхийд гайхуулах зорилготой. Жишээ нь, хүмүүсийг цалингийн боолчлолоос чөлөөлж ажиллаж байгаа хүн бүр компанийнхаа ашгаас хүртэх боломжоор хангах зэрэг арга туршиж үзэх бодол байгаа. Одоогоор бүрэн томъёолж чадаагүй л байна, ажлынхаа хажуугаар энэ тухай уншиж судлаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.