Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, "Ажнай" галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүд хурдлав.
Уралдааны гуравдугаарт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул н.Баттөмөрийн хүрэн, дөрөвд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын "Зурвас" цавьдар, Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр тус тус хурдлав.
Хязаалангийн уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Т.Батцоожийн хээр халзан, тод манлай алдарт уяач Б.Батхүүгийн хүрэн, аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн халиун, уяач Т.Галбадрахын хонгор зэрэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд мордсон юм.
Уралдааны үеэр унаач хүүхэд унаж бэртээгүй талаар Хурдан морины салбар хуралдааны салбар хорооноос мэдэгдэв. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас болон Нийслэлийн цагдаагийн газраас хяналт тавьж, зөвлөмж өгөн ажиллаж буй юм.
Өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт Шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.