Өмнөд Солонгосчууд Японд хариу барихыг шаардаж байна

Өмнөд Солонгосчууд Японд хариу барихыг шаардаж байна

Өмнөд Солонгосын шүүх дайны үед Японы үйлдвэрт боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан нь тус хоёр улсын харилцааг улам муутгасан билээ. Харин үүний хариу байв уу гэлтэй Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр гар утасны үйлдвэрлэлд ашигладаг химийн гурван төрлийн бодисыг Өмнөд Солонгост экспортлоход хатуу хяналт тогтоох шийдвэрээ зарласан юм. Мөн Японоос үйлдвэрлэлийн өндөр технологи хүлээж авах эрхтэй орнуудын “Цагаан жагсаалт”-аас Өмнөд Солонгосыг хасах тухай судалж эхэлсэн.

Тэгвэл Өмнөд Солонгосын иргэд Япон улсад ч мөн тохирох хариуг нь барьж, Японы бараа бүтээгдэхүүнд хориг тавихыг шаардсан хөдөлгөөн Өмнөд Солонгосын цахим орчинд хүчээ авч байна. Ердөө дөрөвхөн хоногийн дотор 17 мянган хүн уг хөдөлгөөнд нэгджээ.

Хэрэв Өмнөд Солонгосын Засгийн газар Японы эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлбэл Японы аялал жуулчлалын салбар хамгийн түрүүнд өртөх магадлалтай юм. Өмнөд Солонгос бол Японы аялал жуулчлалын салбарт ихээхэн орлого оруулдаг улсуудын нэг бөгөөд өнгөрсөн онд гэхэд л  тус улсын 7,5 сая Японд зочилж, 5,5 тэрбум ам.долларын орлого оруулсан байгаа юм. Мөн Өмнөд Солонгос улс Японоос жилд 54,2 тэрбумын бараа импортолдог. Энэ нь тийм ч их тоо биш юм. Тиймээс хэрэв хоёр улсын хооронд болж буй маргаан худалдааны салбарыг нөмөрвөл хохирогч нь Япон улс байж магадгүй байгаа билээ.