СУРВАЛЖИЛГА: Хууль үйлчилдэггүй МҮИС-ийг хууль, хяналтынхан "давраасаар" байх уу

СУРВАЛЖИЛГА: Хууль үйлчилдэггүй МҮИС-ийг хууль, хяналтынхан "давраасаар" байх уу

Монголын хамгийн том сургууль хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Монголын Үндэсний Их сургууль хамгийн том сургууль болох зорилгоо биелүүлэхээр адгасан уу, аль эсвэл хаана ч, хэний ч газрыг өмчилж болно гэж бардсан уу, өнгөрсөн  амралтын өдрүүдэд “хөрш” айлынхаа эзэмшил рүү халдах гэж оролджээ. Гэтэл тэр “хөрш” нь энгийн нэг “иргэн” бус энэ улсын хувьд хамгийн чухал салбарт тооцогдох Эх Хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв юм.

Тодруулбал, өнгөрсөн бямба гариг буюу наймдугаар сарын 8-ны өдрийн 19 цагт МҮИС, Эх Нялхсын эзэмшлийн хашааг буулган, өөрсдийн довжоог бариад эхэлчихсэн байжээ. Үүнийг мэдсэн эмнэлгийн ажилтнууд хашаагаа буцааж барих гэтэл МҮИС-ийн барилга хариуцсан инженер н.Хонгорзул гэх хүн барилгачдаа дагуулан гарч ирж, маргалджээ. Маргалдаан ширүүсэж, зодоон болох нөхцөл байдал үүссэн тул Эх Нялхсын ажилчид цагдаа дуудан тусламж хүссэн байна. Дуудлагыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс хүлээн авч, газар дээр нь ирж, н.Хонгорзул гэх хүнд “Газрын маргаан шийдэх тул даваа гариг хүртэл ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг” сануулжээ.

Гэтэл шөнийн 02:00 цагийн үед дахин барилгаа барихаар хэдэн залуусын хамт “дайрсан” байна. Эмнэлгийн харуулууд үүрийн дөрвөн цаг хүртэл шаардлага тавьсан ч дахин зодоон үүсэх нөхцөл байдал үүссэн тул хоёр дахь удаагаа цагдаа дуудаж, тэдгээр залуусыг зогсоожээ. Гэтэл тэд цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл тоон ням гаригийн өглөөний 08:50 минутад дахин Эх Нялхсын газрыг өөрийн эзэмшил болгохоор дайрсан байна.

Бид үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийг зорьсон юм. Биднийг очиход МҮИС-ийн зүүн талд эмнэлгийн хашааг буулган, гарц бүхий довжоо барьж байгаад зогссон байдалтай, тоосго, турба хөглөрсөн талбай угтсан юм.

ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР ШӨНИЙН ЦАГААР “ЭЗГҮЙЧЛЭН” УЛСЫН ӨМЧИЙН ТАЛБАЙ РУУ УДАА ДАРАА ХАЛДАВ

Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чанарын албаны дарга А.Оюунчимэг ярихдаа “МҮИС өмнө нь хэд хэдэн удаа манай эзэмшилд халдаж, өөрсдийн барилгаа барих гэж оролдсон. Өмнө нь манай хашааг аваад нуучихсан байсан. Бид хайж, хайж тэдний төмрийн хогоос гаргаж авсан. Миний мэдэхээр дөрвөн ч удаа манай талбайд барилгаа барихаар халдаж байна. Ингэхдээ дандаа амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүй орж ирдэг. Анхнаасаа газрын албанаас зөвшөөрсөн газар дээрээ барилгаа барихдаа кадастрын зураг дээрээ яг тулган барьчихаад, зай хайж улсын өмч рүү дайрч байгаа нь үнэхээр ёс зүйгүй хэрэг.

Энэ улсад эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ганц л эмнэлэг байдаг. Гэтэл бидний ажлыг хийлгэхгүй, яагаад ард иргэдийн гарах, орох хөдөлгөөнийг хааж, барилгаа барих гээд байгааг ойлгохгүй байна. Бид өнөөдөр энд хэрүүл хийгээд зогсож байх завтай хүмүүс биш. МҮИС-ийн удирдлага төрийн өмчид халдаж, төрийн албан тушаалтны шаардлагыг үл тоож байна.

Энэ байгууллагад яг ямар албан тушаалтнууд газрын эрх олгоод байдаг нь үнэхээр сонин. Алга дарам газраа бид алдахгүйн тулд бүхнийг хийнэ” гэсэн юм.

Бид тухайн өдөр харуул хамгаалалтад гарч байсан Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн харуул Д.Хадбаатараас болсон үйл явдлын талаар асуухад “Хашааны наана хаалт тавьчхаад юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй зүйл хийгээд байсан. Гэтэл хоёр цагийн дараа ирэхэд манай хашааг буулгаад, довжоо барьчихсан байсан. Цементээ зуурчихсан бүх зүйлээ бэлдчихсэн олон залуус байсан. Тэгээд би дээд албан тушаалтнууддаа хэл дуулгаж, дуудуулсан юм. “Та нарыг хэн ингэ гээд байгаа юм” гэхэд юу ч хэлж, дуугарахгүй мөртлөө бидэн рүү хэсэг залуус элдвээр хэлж, дайрч эхэлсэн. Зодуулах шахсан учир аргагүйн эрхэнд цагдаад дахин мэдэгдсэн” гэлээ.

ЭХ НЯЛХАС, ТӨДИЙГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ Ч ЗӨРЧИВ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орших шинээр баригдсан МҮИС-ийн байртай хаяа хатган тус сургуулийн дотуур байр баригдсан. Гэтэл тус дотуур байр нь хажуу айлын орон сууцны барилгатай наалдах шахам баригджээ. Цонх, тагтаа барилгаар хаалгуулсан иргэд гомдол гарган заргалдаад дийлээгүй хэмээн эх сурвалжууд хэлж байлаа. Тус орон сууцанд амьдардаг иргэн хэлэхдээ “Анх манайх цонхоор гадаад орчин харагддаг, гэрэл туссан тохьтой байранд амьдардаг байсан. Гэтэл нэг л өдөр МҮИС-ийн барилга цонх таглаж орхисон.

Гэр рүүгээ орох, гэрээсээ гарах гарц байхгүй. Холбогдох хүмүүст нь барилга баригдаж эхлэхэд нь хандаж, гомдол гаргаж байсан ч хэн ч тоогоогүй. “Энэ асуудал чинь шийдэгдэхэд хэцүү дээ. Эднийх ер нь заргалдахад төвөгтэй газар даа”  гэж хэлдэг. Одоо иргэдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн энэ нөхцөл байдалтай эвлэрээд л амьдарч байна даа” гэсэн юм.

ХУУЛЬ, ДҮРЭМ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ МҮИС-ИЙН ЦААНА ЧУХАМ ХЭН БАЙНА?

Анх 1998 онд 146 оюутантай Чандмань-Эрдэнэ коллеж хэмээх нэрээр байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж, үүнээс хоёр жилийн дараа Монголын Үндэсний дээд сургууль, 2006 онд Монголын Үндэсний Их Сургууль хэмээгдэх болжээ. “Монголын”, “Үндэсний” гэсэн нэрүүдийг хувийн байгууллага ашигладаггүй, ашиглавал хууль зөрчсөн үйлдэл болохыг мэдсээр байж, нэрээ солиогүй өдийг хүрсэн нь сонин. Албаны хүмүүс шаардлага тавьсан эсэх нь ч эргэлзээтэй. Хэрэв шаардлага тавьсан МҮИС-ийн ард, хууль үйлчилдэггүй хэн гэгч том толгойтон байна вэ. Шаардлага тавиагүй бол төрийн албыг цалгардуулагчид хэнд үйлчлээд байна вэ. Ямартай ч тус сургуулийн ард Солонгосын эзэмшлийн компани байдгийг эх сурвалжууд хэлж буй. Өнөөдөр манайд дурын хувийн компани газрын кадастрын зурагтаа барилгаа тулгаж босгочхоод, нийтийн эзэмшил, төрийн өмч рүү балмадаар халдах явдал гарсаар байгааг энэ жишээнээс л харж болох юм. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн үндэсний төвөөс Газрын албаны холбогдох албан тушаалтнуудад хандаж, өөрсдийн хүсэлт, шаардлагыг гаргасан гэж хэлж байв. Харин Газрын албаныхан хэрхэн бид чих тавих хүлээх болно.