ТАНИЛЦ: Төмөр замын царигийг нарийн байхыг хүчингүй болгосон тогтоол

ТАНИЛЦ: Төмөр замын царигийг нарийн байхыг хүчингүй болгосон тогтоол

Өнгөрсөн тавдугаар сарын 13-нд цэц дунд суудлын хуралдаанаар төмөр замын царигийн асуудлыг хаалттай хэлэлцсэн байдаг.  Тодруулбал, УИХ 2014 онд 64 дүгээр тогтоол батлахдаа Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж Цэц  дунд суудлын хуралдаанаараа хаалттай хэлэлцэн шийдвэрлэж, 04 тоот дүгнэлт гаргажээ. Нууцын зэрэглэл бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн аж.

Уг хаалттай хэлэлцсэн 2014 оны 64 дүгээр тогтоол нь  төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол юм. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт \400 км\, Хөөт-Бичигт \200 км\ чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан баримт бичиг. Үүнийг хүчингүй болгосноор төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөх нь гэх байр суурийг олон хүн илэрхийлэх болов.  Түүнчлэн ийм маргаан хэлэлцсэн, ямар шийдвэр гарсан талаар ямар ч мэдээллийг Цэцээс өгөөгүй ажээ. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авчээ. Харин нэгдсэн хуралдаанаар эл дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байна.

Төмөр замын нарийн царигийг 1937 оноос хойш дэлхийн буюу олон улсын стандарт гэж нэрлэх болсон ажээ. Манай өмнөд хөрш БНХАУ ч мөн энэхүү стандартыг мөрддөг бөгөөд дэлхийн нийт төмөр замын 63 хувь энэхүү стандартаар баригдсан байдаг. Гол давуу тал нь ашиглалтын зардал хамгийн бага, бусад стандартуудтай харьцуулахад эвдрэл багатай байдаг. Мөн хамгийн өндөр хурдыг үзүүлдэг ажээ. Харин бүдүүн царигийг ОХУ стандартаа болгосон бөгөөд тээж байгаа орлогынхоо 60 хувьтай тэнцэх зардал гаргадаг өргөн цариг олон талаараа нарийн замаас сул талтай байдаг ажээ. Дэлхий даяар төмөр зам барих ажил өрнөх үед царигийн сонголт колоничлолтой нягт холбоотой байсан бөгөөд мэдээж колоничлогч улс колони орондоо царигаа нэвтрүүлж байсан түүхтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, хөгжлийн сайд байхдаа урагшаа баригдах төмөр замыг бүдүүн царигтай байх хэрэгтэй эс тэгвээс хятадын танкнууд орж ирэх магадлалтай хэмээх утгатай нэвтрүүлэг хийн тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хатуу шүүмжлүүлж байсан удаатай билээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө