Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болох талаар өмнө нь мэдээлсэн. Энэ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ жил Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухаалаг камерыг суурилуулахаар болжээ. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр 2021 онд хотын суурьшлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолж, үүний дүнд гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзжээ.
Бид царай таних систем нь хүниий эрхийг зөрчих эсэх талаар хуульч Д.Сүнжидээс тодруулсан юм. Мөн энэ систем хэрхэн ажилладаг талаар системийг эх орондоо бүтээж хөгжүүлсэн “Айтүүлс” компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамиртай ярилцлаа.
СОНСОХ:
-ЦАРАЙ ТАНИХ СИСТЕМИЙГ АШИГЛАХЫН ТУЛД ЭХЛЭЭД
ХУУЛЬДАА ТУСГАХ ХЭРЭГТЭЙ -
Царай таних төхөөрөмж нь нэг талаасаа сайн талтай боловч нөгөө талаасаа хүний хувийн бүх мэдээллийг агуулж байдаг учраас аюултай талаар хүний эрхийн мэргэжилтнүүд болон хуульчид цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн юм. Бид энэ талаар хүний эрхийн идэвхтэн, хуульч Д.Сүнжидээс тодрууллаа.
-Нийслэлд хотод хүний царай таних систем бүхий камер суурилуулах талаар олон хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Энэ асуудал хувь хүний нууц, хүний эрх талаасаа ямар асуудлыг хөндөж байгаа тайлбарлаж өгөөч?
-Үндсэн хуульд зааснаар бид халдашгүй байх эрхтэй гэж заасан байдаг. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлавал хувийн халдашгүй байдал буюу бие, эрүүл мэнд, хувийн мэдээлэл хамаардаг. Хоёрт нь захидал харилцаа, гуравт нь орон байрны халдашгүй байдал яригдаж байгаа юм. Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлахаар бол эхлээд заавал хуулиар зохицуулахыг шаарддаг. Түүнээс биш захиргааны байгууллагаас хуулийн үндэслэлгүй ийм шийдвэр гаргах эрхгүй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг.
“Үндсэн хуульд заасан эрхийг, тухайлбал хүний халдашгүй байх эрхийг хязгаарлахдаа гурван үндэслэлээр хязгаарладаг. Нэгдүгээрт, бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй бол. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж байгаа бол. Гуравдугаарт, нийгмийн хэв журмыг гажуудуулж байгаа бол энэ эрхийг хязгаарлаж болно гэж заасан байдаг”
Тиймээс нийтийн эзэмшлийн талбайд камер тавих зайлшгүй шаардлагатай юм бол зорилгоо тодорхойлоод, хуульд тусгаж өгөх хэрэгтэй.
-Тэгэхээр энэ ажилд зориулж шинээр хууль санаачилж, батлах хэрэгтэй гэсэн үг үү?
-Шинээр хууль баталж болно. Эсвэл бусад холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд ч юм уу зохицуулах зорилго, харилцаанаас хамаараад байж болно
-Хуульдаа юуг багтааж тусгасан байх хэрэгтэй вэ?
-Хамгийн түрүүнд үндэслэл, зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй. Гэмт хэрэг илрүүлэх юм уу, зөрчил болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үү, нийгмийн хэв журмыг сахиулах юм уу гэдгээ тодорхойлоод хэн үүнийг хянах вэ, хариуцах байгууллага нь хэн байх, мэдээллийн санг хэрхэн үүсгэх, хянах, түүнчлэн мэдээллийг юунд ашиглах вэ, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэх мэт маш олон зүйлсийг тодорхойлон тусгаж өгөх хэрэгтэй.
Технологийнхоо хувьд сайн дэвшилттэй алхмууд байж болох ч нөгөө талаасаа хувийн мэдээлэл алдагдвал, хуульд заагаагүй зорилгоор ашиглавал эрсдэлийг бий болгоно.
-Хувийн мэдээлэл алдагдсанаар ямар эрсдэлийг бий болгож байгаа вэ?
-Хуулиар зорилго, зохицуулалт нь тодорхойгүй үед нүүр таниулах камер байршуулан ашиглахыг та өөрөө хүсэх болов уу?Таны хувийн мэдээллийг зөвхөн сайн зорилгоор ашиглана гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Нүүр танина гэдэг чинь таны хурууны хээ шиг биометрик мэдээлэл учраас чухал хувийн мэдээлэл шүү дээ. Зүйрлэвэл "хутгаар хоол ч хийж болдог, гэмт хэрэгт ч ашигладаг" гэдэг шиг энэ технологийг ашиглах зорилго, хэрэгжүүлэхэд хуулийн зохицуулалт тодорхой заах учиртай юм.
“Гол санаа нь энэ бол огт байж болохгүй зүйл биш юм. Нэгэнт л хүний халдашгүй байдлыг хязгаарлаж байгаа учраас үүнийг хэрэгжүүлэхдээ нэгдүгээрт хуульд заасан байх, хоёрдугаарт түүндээ тодорхой хүрээ заасан байх ёстой гэдгийг л хэлж байгаа юм”
-ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН СИСТЕМИЙГ МОНГОЛ
ИНЖЕНЕРҮҮД БҮТЭЭЖЭЭ-
Царай таних системийг дэлхийн олон оронд төрөл бүрийн зорилгоор ашигладаг. Энэ нь маш их мэдээллийг санг үүсгэдэг бөгөөд үүнийг хэрхэн ажиллуулдаг, ямар давуу талуудыг бий болгож буй талаар Мэдээлэл Технологийн Үндэсний Паркийн Технологи хариуцсан захирал, “Айтүүлс” компанийн ТУЗ-ийн дарга А.Баттамиртай ярилцлаа.
-Царай таних систем хэрхэн ажилладаг талаар тайлбарлаж өгөөч?
-Царай таних систем гэдэг нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай програм хангамж юм. Энэхүү технологи нь дижитал бичлэг эсвэл зургаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн програм хангамж юм. Энэ нь дан ганц хиймэл оюун ухаан дээр тогтохгүй уламжлалт компьютер вишн хосолж ажилладаг. Уламжлалт системийг бодвол царай танилтын хувь илүү өндөр, анализ хийх чадвартай. Царай таних системийн тусламжтайгаар 6 төрлийн мэдээллийг цуглуулах боломжтой. Ингэснээр тухайн мэдээлэл дундаас тодорхой нэг түлхүүр үгээр хайлт хийж болдог. Жишээ нь: Хэрвээ та өчигдөр байгууллагад тань нэвтэрсэн сахалтай нүдний шилтэй хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр "Сахалтай", "нүдний шилтэй" гэсэн түлхүүр үгээр хайлт хийхэд тухайн хүний бичлэг гарч ирнэ.
-Монгол инженерүүд өөрсдөө энэ системийг бүтээжээ. Ямар онцлогтой вэ?
-Хамгийн том онцлог гэвэл үндэсний үйлдвэрлэл гэж хэлнэ. Дэлхийн олон оронд энэ систем нэвтэрч олон зорилгоор ашиглаж байгаа. Манай Айтүүлс компани таван жилийн хугацаанд энэ системийг бүтээж, хөгжүүлж туршиж байна. Ямар ч төрлийн камер дээр ажиллах, хаана ч гологдохооргүй системийг монгол инженерүүд бүтээсэн.
-ЦАРАЙ ТАНИХ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТАГНАЖ ЧАГНАХАД
АШИГЛААГҮЙ-
-Хаана туршиж байна вэ?
-Одоогоор өөрсдийн оффис буюу ICT парк дээр цаг бүртгэлийн зорилгоор ашиглаж байгаа. Ажилчдынхаа зөвшөөрлөөр хоёр камер байрлуулж орж гарах цагийг бүртгэдэг. Ажилчид маань хурууны хээгээр цагаа бүртгүүлэлгүй зүгээр л орж ирэхэд нь царай таних систем бүртгэдэг гэсэн үг.
-Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй царай таних 2000 камер суурилуулах ажилд танайх хамтрах уу?
-Манай компани санал тавиад, хүсэлтээ өгсөн байгаа. Одоогоор ямар нэг хариу ирээгүй байна.
-Энэ систем өөрөө хувийн мэдээллийг цуглуулж байгаа болохоор алдагдвал аюултай гэж зарим хүмүүс үзэж байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Маш олон улсад энэхүү системийг ашиглаж байгаа. Хамгийн гол зүйл нь гаднын бүтээсэн системийг ашиглах юм бол цугласан бүх мэдээллүүд тэр улс, байгууллагад очно гэсэн үг. Ийм эмзэг зүйлд манайх дотооддоо хийсэн учраас тэр төсөл дээр хамтарч ажиллах хүсэлт гаргасан. Нөгөө талаас зарим ойлголтын зөрүү яваад байгаа. Олон нийтийн сүлжээгээр энэ систем бол тагнаж чагнах зорилготой гэх мэт. Энэ бол худлаа, огт тийм зүйл байхгүй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг чинь өөрөө цогц ойлголт учраас хэчнээн техник, систем аюулгүй байлаа гээд дээр нь ажиллаж байгаа мэдээллийг авсан хүмүүс алдчих юм бол хэцүү.
-Энэ систем нь камертай хослон ажилладаг юм уу. Өөр улсаас оруулж ирсэн камертай хослуулан ажиллуулахад танай системд тохирох уу?
-Камер үйлдвэрлэгч компаниуд бүгд өөрсдийн гэсэн царай таних системтэй байдаг. Бас жирийн камерт системээ суурилуулаад ажиллуулах боломжтой. Энэ тал дээр мэдээлэл алдана гэх аюул байхгүй.
-ХОТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ОНОВЧТОЙ ХИЙХЭД ТУСАЛНА-
-Олон улсад ашигладаг гэлээ. Ихэвчлэн ямар зорилгоор ашигладаг юм бол?
-Царай танилт ерөнхийдөө контаклэсс буюу харилцааны шинэ төрлийг бий болгож байгаа гэж хэлж болно. Жишээ нь коронавирусийн үед хурууны хээгээрээ бүртгүүлэхийг энэ системийн тусламжтай бүртгэл хийх гэх мэт. Мөн энэ системийн тусламжтай хотын зорчих хөдөлгөөний тооллого зэргийг хийж шаардлагатай бодлого шийдвэр гаргахад ашиглаж болно.
Манай царай таних системийн давуу талууд гэвэл:
- Хүссэнээрээ интеграцчлах боломжтой
- Хүн бүрд тохирсон тохируулга хийж болно. /Хэн нэгнийг ирэхэд царайг нь таньж хаалга онгойх эсвэл хамгаалалтын ажилтанд мэдээлэл ирүүлэх
- 200'000 хүртэлх хүний царайг тогтоож, мэдээллийн санд хадгалах боломжтой
- Орж гарч байгаа хүний тоог тоолох
- Дурын хяналтын камертай холбогдон ажиллах боломжтой
- Нарийвчилсан хайлт хийх /Хүнийг онцлох шинж тэмдгээр хайх боломжуудыг олгодог.
-Царай танилт хүнээ андуурах магадлал хэр их байдаг вэ?
-Дунджаар царай таних хувь 99% байдаг.