ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улсын нийгэм, улс төрийн орчинд түгшүүртэй байдал үүсэж эхэллээ

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улсын нийгэм, улс төрийн орчинд түгшүүртэй байдал үүсэж эхэллээ

Ойрын өдрүүдэд манай улсад сонгуулийн дуулиан, шуугиан хүчтэй үргэлжилж байна. Үүний хажуугаар иргэдийг бухимдуулж буй бас нэгэн хэрэг бол нэр бүхий улс төрчдийг барьж, хорьж буй явдал. Тэгвэл энэ тухай, тодруулбал Н.Номтойбаяр гишүүний талаар Европын “FreeWestMedia” хэмээх сайт нийтлэл гаргасныг та бүхэнд орчуулан хүргэж байна.

-СОНГУУЛИЙН ӨМНӨ НӨЛӨӨ БҮХИЙ УЛС ТӨРЧДӨӨ
БАРИВЧИЛЖ ЭХЭЛЖЭЭ-

1989 онд коммунизм унаснаас хойш Монгол Улс ардчилсан замаар хөгжиж ирсэн боловч ойрын өдрүүдэд тус улсын нийгэм, улс төрийн орчинд түгшүүртэй, ноцтой байдал илрэх болжээ. Учир нь тус улсын шүүх нөлөө бүхий улс төрийн гишүүдээ баривчлах шийдвэр гарган, хорьж эхлээд буй аж. Монгол улсын хуулинд дараагийн парламент бүрдтэл аливаа улс төрийн гишүүний бүрэн эрхийг хэвээр байлгана гэж заасан байдаг. Харин тус улс уг хуулийн шийдвэрээ зөрчин, улс төрчдөө баривчилж байгаа нь анхаарал татсан үйл явдал болоод байна.

Тэдний нэг улс төрч Нямтайширын Номтойбаяр нь зургадугаар сарын 24-нд болох УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа боловч шүүхээс түүнийг баривчлах тогтоол гаргасан учир түүний сонгуулийн сурталчилгаа бүрэн унасан гэж хэлж болох юм.  Нямтайширын Номтойбаяр нь эрх баригч Монгол Ардын Намын гишүүн байсан хэдий ч намаасаа хөөгдөж, парламентын халдашгүй эрхээсээ хасагджээ. Дараа нь тэр бие даан нэр дэвшигчийн кампанит ажил эхлүүлсэн бөгөөд шаардлагатай гарын үсгийг цуглуулах үүргээ давуулан биелүүлсэн байна.  Гэсэн хэдий ч энэхүү залуу улстөрч нь гурван жилийн өмнө сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус ан хийсэн гэх мэт хэд хэдэн хэрэгт буруутгагдаж байгаа аж.

-УЛС ТӨРЧДИЙГ БАРИВЧЛАХ НЬ ТУС УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНД
ХАРШЛАХ ГЭМТ ХЭРЭГ БОЛЖ БАЙНА-

Иргэдийн эсэргүүцлийг дагуулан сонгуулийн дараахан суллахаар баривчилсан хоёр улс төрчийн  нэг нь Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан, нөгөө нь Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр нар байв. Тус хоёр эрхэм хоёулаа авилгын хэрэгт буруутгагдаж байгаа хэдий ч яллагдах тогтоол гараагүй байна.

Улс төрчдийг баривчлах нь өөрөө тус улсын үндсэн хуулинд харшлах гэмт хэрэг, ингэснээр шүүгч өөрөө хүний ​​сонгогдох үндсэн эрхийг үл тоомсорлож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хамгаалагдсан нэр дэвшигчийн халдашгүй байдлыг гутаан доромжилсон,Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болж байна.

Энэ үйл явдал Монгол улсад 2018 оны арван нэгдүгээр сараас эхэлж, хэд хэдэн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд холбогдсон ч удалгүй намжжээ. Харин сонгууль ойртмогц тус хэрэг дахин сөхөгдөж эхэлсэн байна.  Сонирхолтой нь Монгол улсын Хууль зүйн сайд Ц.Нямдорж, баривчлагдсан гишүүд зэрэг нь бүгд УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй ажээ. Энэ явдал  нь Монгол улсын хууль дээдлэх ёс суртахууны хөгжилд асар том нөлөө үзүүлж байна.

-ӨНГӨРСӨН ОНД ШҮҮХИЙН ТОГТОЛЦООНД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЬ ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛСЭН ШИНЖТЭЙ ХЭМЭЭН ОЛОН УЛС ДҮГНЭЖЭЭ-

Монгол улсын УИХ 2019 оны  гуравдугаар сард онцгой байдлын хуралдаанаар сонсгол, олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр шүүхийн тогтолцоо, авлигын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргажээ. Эдгээр өөрчлөлт нь Үндэсний аюулгүй байдал,  авилгын эсрэг ажилладаг шүүгчид болон бусад гол албан тушаалтнуудыг огцруулах саналыг гаргаж чадах нөлөө бүхий өөрчлөлт болсон байна. Ингэснээр олон улсын зүгээс томоохон шүүмжлэлийг хүлээжээ. Хууль эрх зүйн тогтолцоонд гарсан энэхүү үндсэн өөрчлөлт нь эрх мэдлийн тэнцвэрт байдалд ноцтой хохирол учруулж, хяналт, тэнцвэрийг алдагдуулж, шүүх засаглалын авилгатай тэмцэх боломжийг хязгаарлах сөрөг нөлөөтэй аж.

2019 оны тавдугаар сард НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах нийгэмлэгийн тусгай илтгэгч Мишель Форст Монгол улсад айлчилсан байна. Тэрбээр илтгэлдээ шинэ хууль нь шударга ёсыг шаардаж, авилгын эсрэг үг хэлэхийг хүсч буй хүмүүсийг айлган сүрдүүлэх шинжийг агуулсан байна гэж дүгнэжээ. Мөн тэрбээр уг хууль нь НҮБ-ын улс төрийн эрхийн конвенцыг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.

-ТУС УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭС ХАРААТ БОЛСОН
БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Ардчилсан үүднээс авч үзвэл бас нэг эргэлзээтэй хууль 2017 онд батлагджээ. Энэ нь хэрвээ хэн нэгнийг гүтгэсэн бол “гурван сараас зургаан сар хүртэл баривчлах буюу 50-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэх” гэсэн заалт юм. Томоохон албан тушаалтнууд сэтгүүлчдийг гүтгэсэн гэж байнга мэдээлдэг тул энэ хууль нь сэтгүүлчдийн үйл ажиллагаанд томоохон саад болсон байна.

Бие даасан хууль эрх зүйн тогтолцоо нь хяналт, тэнцвэртэй байх, албан тушаалаа урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай юм. Засгийн газар бүх шатны байгууллагуудаа өөрийн томилсон хүмүүсээр дүүргэж, шүүгчдийг халж, хуулийн тогтолцоогоо улс төрийн өрсөлдөгчдийг шийтгэх зэвсэг болгон ашиглаж байвал ардчилал хохирох болно. Гэвч Монгол Улсын хуулиар шүүгчдийг улс төрийн шахалтаас тусгаарлаж чадахгүй аж. Тус улсын шүүх эрх мэдэл нь шударга ёсыг шаарддаг удирдагчдаа агнахын тулд засгийн газартаа үйлчилдэг мангас болж хувирч магадгүй байна. Албан тушаалтнуудаасаа хараат шүүх тогтолцоотой улс оронд ардчилал амьдрах боломжгүй.