Монгол Улс, Хойд Солонгосын хувьд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. Тодруулбал, 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, 1951 онд ЭСЯ-аа харилцан нээсэн түүхтэй. Солонгосын дайны үеэр Монгол нь коммунист орны хувьд умардынхны талд баттай зогсон эд материал болон сэтгэл санааны хувьд ихэд дэмжиж байсан бөгөөд дайны үед мал, махаар тусалснаас гадна адуу амьдаар нь гаргаж байсан. Мөн дайнд өнчирсөн олон хүүхдийг Монголд авч ирэн өсгөж өндийлгөж байсан юм.
-2014 ОНД МОНГОЛД ХИЙСЭН ЯПОН ГЭР БҮЛИЙН УУЛЗАЛТ
ОЛОН УЛСАД ӨНДРӨӨР ҮНЭЛЭГДЖЭЭ-
Өнгөрсөн 20 жилд Монголд зохиогдсон олон улсын болон бүс нутгийн хурал зөвлөгөөнд Хойд Солонгосын төлөөлөгчид олон удаа Монголд ирж оролцсон түүхтэй. Ер нь Монголоос бусад бүс нутгийн уулзалт, хурлуудад хойд солонгосчууд нэлээд хойрго, бараг оролцдоггүй гэж ойлгож болно. 1990 он хүртэл хоёр орны харилцаа хэвийн, заримдаа халуун дотно байсан ч 1990 оноос хойш Монгол, Хойд Солонгосын идэвхтэй харилцаа үнэндээ бараг зогссон юм.
Харин түүнээс хойш хамгийн амжилттай айлчлалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн нь Монгол улсын хүмүүнлэгийн тусламж олон улсад өндрөөр үнэлэгдэхэд хүргэсэн юм. Түүний санаачилга зүтгэлээр Хойд Солонгос-Японы хаалттай уулзалтыг Улаанбаатарт хоёр удаа зохион байгуулж, 1977 онд Хойд Солонгосчуудад хулгайлагдсан Япон охины хүүхдийг Улаанбаатарт авч ирж, өвөө эмээтэй нь уулзуулсан түүхтэй.
-ЯПОН ОХИН МЕГУМИ ЁОКОТА 13 НАСАНДАА, СУРГУУЛИАСАА ХАРЬЖ
ЯВАХ ЗАМДАА ХУЛГАЙЛАГДЖЭЭ-
Уг түүхийг өгүүлбэл, 1977 онд Япон улсын иргэн Шигеру Ёокота, Саки Ёокота нарын охин болох Мегуми Ёокота нь Хойд Солонгосын эрх баригчдад хулгайлагджээ. 1970-1980-аад оны үед Хойд Солонгосын засгийн газар Япон улсын 17 иргэнийг хулгайлсан бөгөөд тэднийг тагнуулчдад эх хэлээ заахыг албадаж байжээ. Сүүлд Хойд Солонгосын засгийн газар алга болсон иргэдийн 13-ыг нь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэ явдлаас хойш Мегумигийн эцэг, эх олон жилийн турш охиноо олох гэж хөөцөлдсөн ч одоог хүртэл уулзаж чадалгүй аав болох Шигеру Ёокота нь 90 насандаа таалал төгсжээ. Харин түүний эхнэр Саки Ёокота өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярихдаа “Миний нөхөр өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажилласан боловч Мегумитай уулзаж чадсангүй. Охиныгоо олох гэж маш их цаг хугацаа зарцуулсан ч цаашид хайсаар байх болно. Бид зогсохгүй” хэмээжээ.
Тэдний охин Мегуми 1977 онд хулгайлагдахдаа 13 настай байсан бөгөөд түүнийг хамгийн сүүлд Японы баруун эрэгт байрлах Нигата мужид сургуулиасаа гэртээ харьж байхыг хүмүүс харсан байдаг. Харин Хойд Солонгосын засгийн газар 2002 онд хулгайлагдсан таван хүнийг суллаж, бусад найман хүнд нас барсны гэрчилгээг олгожээ.
-2014 ОНД ОХИНОО АЛДСАН ГЭР БҮЛД ГАЙХАМШИГТ МЭДЭЭ ИРЖЭЭ-
Харин нэгэн өдөр Шигеру Ёокотагийн гэр бүлд гайхамшигтай мэдээ ирсэн байна. Энэ нь Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоосон цөөхөн улсын нэг Монгол улсын газар нутаг дээр ач охинтойгоо уулзах боломжийг Хойд Солонгосын зүгээс тэдэнд олгож, хосуудын хувьд төдийгүй Япон улсын ард иргэдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо. Харамсалтай нь тэд охиноо үгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Энэ нь Хойд Солонгосын баллистик пуужингийн байнгын аюулаас ч илүү Япон болон Хойд Солонгостой харилцах харилцааны салшгүй асуудал хэвээр байна.
Одоог хүртэл Японы улс төрчид цэнхэр тууз болон туг зүүж хулгайлагдсан хүмүүсийг гэрт нь хүргэхийг шаардаж байгаагаа илэрхийлдэг ажээ.
“1990-ЭЭД ОНЫ ҮЕД УЛС ОРНООСОО ДАЙЖСАН ОЛОН ДҮРВЭГСЭД
МОНГОЛ УЛСЫН НУТГААР ДАМЖИН АВРАГДАЖ БАЙЖЭЭ”
БНХАУ-д Хойд Солонгосын 300 мянга орчим дүрвэгсэд амьдардаг гэсэн тоо бий. 1990-ээд оны дундаас эдгээр дүрвэгчид Монгол уруу зугтан орж ирэх нь элбэг болсон бөгөөд Монголын эзгүй говьд үхэж үрэгдэх явдал ч нэлээд тохиолдсон юм. Иймээс Монголын Засгийн газраас арга хэмжээ авч нэгэнт ороод ирсэн дүрвэгсдийг хамгаалалтдаа авах болсон. Дараа нь тэднийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу Өмнөд Солонгос, АНУ-д хүлээлгэж өгөх болсон юм. 2008 оны байдлаар Өмнөд Солонгост нийтдээ 20 мянган дүрвэгч очсоны 7-8 мянга нь Монголоор дамжиж очсон билээ. Харин 2008 оны Бээжингийн олимпоос эхлэн БНХАУ хилийн асуудлаа чангатгаснаар Монгол уруу ирэх дүрвэгчид эрс цөөрсөн аж.
Өнгөрсөн хугацаанд хойд Солонгосын талаас Монголын найрсаг харилцааг буруугаар ашиглах явдал нэг бус удаа гарч байсан ч Монголын тал тэр болгонд аль болох өршөөнгүй хандан, дипломат харилцаагаа авч үлдсэн түүхтэй