Дүүжин замын тээвэр төслийн эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ

Дүүжин замын тээвэр төслийн эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ

Дүүжин замын тээвэр төслийг БНФУ-ын “Пома” групп гүйцэтгэж, бүх тоноглолыг Франц улсаас нийлүүлж буй. Яармагаас Хархорин чиглэлд баригдаж буй тус төслийн тоног төхөөрөмж, эд материалыг үе шаттайгаар импортолж, нэгдүгээр сарын 13-ны өдөр 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгажээ. Дүүжин замын тээврийн кабиныг ухаалаг, аюулгүй системээр тоногложээ.

Энэхүү кабиныг “Пома” группийн охин компани болох SIGMA-д үйлдвэрлэж, бүтээгдэхүүний стандарт, чанар, найдвартай байдал, аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр нийлүүлж буй аж. Пома группийн SIGMA үйлдвэр нь кабин үйлдвэрлэлийн туршилтыг хийхдээ 24 цагийн турш усаар шүршин ус нэвчилт байгаа эсэхийг шалгадаг бөгөөд кабины хаалга нээж, хаах ажиллагааг нарийвчлан шалгадаг. Түүнчлэн хаалга хаагдах үед хүний гар гэмтээх эрсдэл үүсэх эсэхийг даралт хэмжигч багажаар хэмжиж, хаалтын хүчийг килоньютнээр тодорхойлон тохируулдаг байна. Кабин - кабелийн хавчаар механизм нь автомат болон механик давхар түгжээтэй тул ашиглалтын явцад салж, мултрах эрсдэлийг бүрэн арилгадаг байна. Кабины хийцлэлд хөнгөн цагаан хайлш, бат бөх ган материал ашиглан, зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цохилтод тэсвэртэй, бутарсан ч аюул учруулахгүй тусгай шил суурилуулдаг. Хаалга нь хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн автоматаар түгжигдэж, зөвхөн буудал дээр бүрэн зогссон нөхцөлд нээгддэг ухаалаг системтэй. Мөн салхи, цаг уурын өөрчлөлтийг хянах мэдрэгчүүд суурилуулсан. Салхины хурд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрвэл систем автоматаар хурдыг багасгах эсвэл бүрэн зогсох горимд шилжинэ.