Тайландад зорчиж явсан галт тэрэг дээр барилгын кран унасны улмаас дор хаяж 12 хүн амиа алдаад байна

Тайландад зорчиж явсан галт тэрэг дээр барилгын кран унасны улмаас дор хаяж 12 хүн амиа алдаад байна

Тайландын нийслэл Бангкокоос зүүн хойд зүгт орших Убон Ратчатхани муж руу зорчиж явсан зорчигч галт тэрэг дээр барилгын кран унасны улмаас дор хаяж 12 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид дөнгөж сая мэдээллээ.

Ослын дараа аврагчид эвдэрч сүйдсэн вагонуудыг шалгаж байгаа бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 22 хүрч болзошгүйг цагдаагийн байгууллага анхааруулсан байна. Осол өнөөдөр /2026.01.14/ өглөөний 09:00 цагийн орчимд Бангкокоос 230 километрийн зайд орших Накхон Ратчасима мужийн Сихио дүүрэгт гарсан байна.

Цагдаагийн мэдээлснээр, хурдны төмөр замын төслийн хүрээнд ажиллаж байсан барилгын кран гэнэт нурж, хөдөлж явсан галт тэрэгний вагон дээр унасанаас болж галт тэрэг замаасаа гарч, хэсэг хугацаанд гал гарсан байна. 

Мөн ослын улмаас хэд хэдэн вагон хөмөрч, зарим нь ноцтой эвдэрсэн тул аврах ажиллагаа хүндрэл учруулж байгаа аж. Аврагчид нуранги доор хавчуулагдсан байж болзошгүй зорчигчдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэжээ. Одоогоор ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн бөгөөд төмөр замын хөдөлгөөнийг тухайн хэсэгт түр хугацаагаар зогсоогоод байгаа аж. Тайландын Засгийн газар хохирогчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламжийг бүрэн үзүүлэхээ мэдэгдээд байна. 

Эх сурвалж: BBC