Хэрэг хүлээх чадваргүй нь тогтоогдож байсан сэтгэцийн өвчтэй нэр бүхий иргэн нэг гэр бүлийн хоёр хүний амь насыг бүрэлгэсэн онц ноцтой гэмт хэрэг саяхан гарсан. Үүнтэй зэрэгцээд сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй иргэдийн асуудал нийгэмд анхаарал татаад байна. Иймд бид энэ асуудлаар СЭМҮТ-ийн статистик, судалгааны албаны дарга В.Баярмаатай ярилцлаа.
ВИДЕО:
-Сэтгэцийн эрүүл миэндийн өөрчлөлттэй иргэдэд эмнэлгээс албадлыг арга хэмжээ авч, танайд эмчлүүлдэг юм байна. Тэгэхээр жилдээ ч юм уу танай дээр эмнэлгийн албадлагын арга хэмжээ авхуулж хэчнээн иргэд эмчлүүлдэг талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хувьд гэмт хэрэг үйлдэх үед нь сэтгэцийн өвчин нь сэдэрсэн тохиолдол нотлогдох юм бол шүүхээс сэтгэцийн тасагт албадаж эмчлүүлдэг. Эмчилгээний явцад мэдээж солиорлын байдлаасаа гардаг. Гарсны дараа тодорхой хугацаанд хэр зэрэг байхыг ажиглана. Ихэвчлэн нэг, хоёр жил сэтгэцийн байдал тогтвортой байвал албадан эмчилгээг цуцлах хурал гэж хийдэг. Үүнийг дүүргийн шүүх толгойлно. Тэр хурлаар тухайн үеийн сэтгэцийн байдлыг эмч нь танилцуулаад, хурлаараа эмийг нь үргэлжлүүлж уулгаад, ар гэрийн хараа хяналтад авч болно гээд гаргадаг гэсэн үг.
-30 ортой гэхээр магадгүй түүнээс илүү олон тооны хүмүүс ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бол?
-Ер нь орондоо л багтааж авна. Нэгэнт хэвтэх оргүй бол хаанаа багтааж авах билээ. Үүнтэй холбоотойгоор СЭМҮТ-ийн барилгын асуудал яригдаж байгаа.
Манай хамгийн эхнийх нь 1960-аад оны, хоёр дахь нь 1980-аад оны барилга. Тэгэхээр аль хэдийн насжилт нь дууссан байшинд л бид ажиллаад байж байгаа гэсэн үг. Урт хугацааны хараа хяналтад байх шаардлагатай хүмүүсийг социализмын үед төрөлжсөн асрамжийн газарт байлгадаг байсан. Түүнийг татан буулгаснаас манай дээр 200 гаруй хүн ирсэн. Тэр асрамжийн газрыг дахин байгуулбал хүчин чадал нэмэгдэнэ. Тэгэхээр СЭМҮТ 550 орондоо л багтаж ядаад л байж байгаа шүү дээ. Түүний 50 орчим хувь нь ямар ч хөдөлгөөнгүй амьдарч байгаа хүмүүс байдаг.

-Эмнэлгийн албадлагын арга хэмжээ авах шаардлагатай хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна уу, буурч байна уу?
-Орондоо л тохируулна шүү дээ. Лабораториор эмчлүүлсэн хүмүүсийн тоог гаргаж болно. Тухайлбал хар тамхинд донтсон хүмүүсийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд тав дахин нэмэгдсэн. Түүнээс биш эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг орны тоогоор л авдаг.
-Шүүхээс гурван жилийн албадлагын арга хэмжээ авна гэсэн хүн хоёр жил гаруйн хугацаанд хэвтэн эмчлүүлээд сул чөлөөтэй явуулчихлаа. Энэ нь эргээд нийгэмд аюул болж байна гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж байна?
-Нэгэнт зургаан жилийн хугацаа заасан бол тэр хугацаагаар нь л байлгана. Хугацаанаас нь өмнө гаргасан бол эмч нь юм уу шүүхийн тасаг дур мэдээд хэзээ ч гаргахгүй. Заавал шүүх, прокурортой хамтран ажиллаж байж асуудал шийдэгдэнэ шүү дээ. Тэр бол бидний эрх мэдлээс давсан асуудал. Эмч нар эмчлэх үүргээ л гүйцэтгэнэ. Тэр хүний гарах, орох бүх асуудал шүүхийн л асуудал байдаг.

-Танай хувьд барилгын асуудлаа шийдэх санал, хүсэлтийг уламжилж байсан уу?
-Барилгууд хуучирсан. Шугам хоолой шаардлага хангахгүй байна. Асуудал ихтэй. Уурын зуух, гүний худагтай зэрэг дэд бүтэц муутай газар манайхаас өөр байхгүй шүү дээ. Үеийн үед л ярьдаг байсан. Чинзориг сайдын үед байшин, барилга дээр үнэлгээ хийсэн актаа өгч байсан. Зураг нь зурагдсан л байх. Тэгээд л ажил нь гацсан байгаа.
Уг нь газар, талбай байгаа юм чинь зураг төслийн дагуу байшин бариад өгчихвөл нэг их асуудалгүй байх л гэж бодож байна.
-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс мөнхийн хяналтад байх ёстой юм уу. Нийгмийг цочроосон хэрэг явдал дахин давтагдах вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна л даа?
-Гэр бүлийнхээ хүнийг хөнөөсөн ч юм уу хүмүүс манай дээр ирдэг. Тэгэнгүүт ар гэр нь тэр хүнийг нэгэнт гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд буцаан авах дургүй байдаг. Ингээд намжилтийн байдалтай болсон ч авдаггүй. Гэтэл дараа, дараагийн хүмүүсийн хэвтэх хэрэгцээ, шаардлага гардаг ч орон дээр нь хүн байгаад байдаг. Ийм асуудал бид нарын дунд үргэлж л яригддаг даа.

-Ийм төрлийн өвчтэй хүмүүстэй ямар байдлаар харьцах ёстой юм бол. Энэ төрлийн хүмүүсийн эрх гэдэг зүйлийг нийгэмд бараг ярихгүй байна л даа?
-Бусад оронд ял эдлүүлэхээс гадна түүний өмнөх шат гэж байдаг. Өмнөх шатанд яадаг вэ гэхээр эмчлэхэд их хугацаа шаардаж байгаа бол тийм хүмүүсийг байлгадаг эмчтэй, сэтгэл зүйчтэй, нийгмийн ажилтантай шорон мэт газар байлгадаг. Дээрдсэний дараагаар энгийн хорих анги шиг газар аваачаад хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оруулдаг жишиг бий. Ингэж харилцаанд оруулах нь сэтгэл зүйд сайнаар нөлөөлнө.
-Сэтгэцийн эмгэг нь хөдөлсөн хүнтэй таарвал ямар арга хэмжээ авах ёстой байдаг талаар та зөвлөгөө өгөөч?
-Хэрэв сэтгэцийн асуудалтай байгаа нь мэдэгдэж, хэвийн биш байвал хүсэлтээ өгч болно. 103 дуудлагаар ажиллаж байна, хоногийн 24 цагаар эмч суугаад тусламж үзүүлж байна. Мөн цагдаагийн байгууллага 24 цагаар ажиллаж байна. Цагдаад хандаж болно. Цагдаа хэвийн бус байна гэвэл эмч рүү аваад ирж болно. Тогтолцоо бол байгаа шүү дээ. Хүмүүс яахаа мэдэхгүй бол манай эмнэлгийн утас руу ч ярьж болно.

-Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг гаднаас нь хараад таньж мэдэх боломжтой болов уу?
-Үйлдлээр таних боломжтой шүү дээ. Хүмүүс “энэ хүн харахад сонин, эрүүл биш байна” гэж ярьдаг даа. Эрүүл байна гэдэг нь хүн хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадварыг хэлж байгаа юм. Хаана ч, хэнтэй ч дасан зохицож чадахгүй байвал тэр хүн асуудалтай байна гэсэн үг.
-Ер нь нийгэмд сүүлийн үед ихэвчлэн ямар асуудлаас болоод сэтгцийн өвчин ихээр гараад байна вэ?
Нийгмийн, эдийн засгийн, улс төрийн хувьд тогтворгүй байгаад байхаар түүнийг дагаад сэтгэцийн эмгэг ихэсдэг. Тэгэхээр нийгмээ их тогтвортой байлгах шаардлагатай байна.
Нийгэм замбараагүй байвал сэтгэцийн эмгэг угаас нэмэгдэнэ. Тэгээд нийгэм, сэтгэл зүйн тогтторгүй байдал нийгэмд түгээмэл болж байгаа учраас сэтгэл зүйчийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүүхэд багачуудыг багаас нь зөв хүн байлгахын тулд сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг давхар олгооч гээд ЕБС дээр хөтөлбөр, төлөвлөгөө нь батлагдаад, хичээлүүд ороод явж байгаа. Дээрээс нь сургуулиуд дээр орон тоны сэтгэл зүйч ажиллуулдаг болсон шүү дээ.