Д.Мөнх-Эрдэнэ: Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, СЭМҮТ-ийн дэргэд төв байгуулна

Д.Мөнх-Эрдэнэ: Сэтгэцийн эмгэгтэй иргэдийг дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулж, СЭМҮТ-ийн дэргэд төв байгуулна

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болон ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Олон нийтийг цочироосон онц ноцтой гэмт хэрэг гарсан гарсан. Тухайн хэргийг хийсэн хүнд шүүхээс эмнэлгийн албадлагын чанартай арга хэмжээ авсны дараа дахин гэмт хэрэг хийсэн. Үүнтэй холбоотойгоор эрх зүйн орчныг нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Иймд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ажлын хэсгийг байгууллаа. Эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө зорилгодоо хүрч байгаа эсэхийг тогтооход дүгнэлт гаргана. Мөн эрхзүйн орчныг боловсронгуй болгох ажил эхэлж байна гэж ойлгож болно. Дахин энэ төрлийн харамсалтай гэмт хэрэг гарах ёсгүй. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийн төслөө өргөн барьж, батлуулахын төлөө ажиллана. Гарсан гэмт хэрэгтэй холбоотой ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг хэргийг шалгаж байна. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой хүн яагаад албадлагын арга хэмжээ авахуулах бус гадуур сул, чөлөөтэй явж байсан эсэхийг шалгах болно” гэлээ.