БАРИМТ: Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш “Голомт”-ын Д.Баясгалан Урт цагаан, “RFID” зэрэг нийслэлийн хамаг тендерүүдийг “түүдэг” болжээ

БАРИМТ: Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш “Голомт”-ын Д.Баясгалан Урт цагаан, “RFID” зэрэг нийслэлийн хамаг тендерүүдийг “түүдэг” болжээ

Хотын даргаар Х.Нямбаатар томилогдсоноор нийслэлийн тендерүүдийг “Голомтын” гэх Д.Баясгалан түүх болж, өмнө нь Х.Баттулгатай гар нийлэн ажиллаж байсан тэрбээр Хотын даргатай хорших болов. Түүний хувьд “Бодь групп” болоод түүнийхээ охин компаниудаар Урт цагааны бүтээн байгуулалт, теле камерууд, нийслэлийн бонд зэрэг нийслэлээс зарласан хамаг л өнгөтэй өөдтэй тендерүүдийг түүсэн гэхэд болохоор байна.

-НИЙСЛЭЛ БОНД БОСГОН Д.БАЯСГАЛАНГИЙН “БӨӨРӨЛЖҮҮТ”-Д ӨГЧ, УРТ ЦАГААНЫ СУУРИН ДЭЭР Д.БАЯСГАЛАН ХУДАЛДААНЫ ТӨВ БҮХИЙ БАС НЭГЭН БИЗНЕСЭЭ БОСГОВ-

Д.Баясгалан “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-аараа дамжуулан Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Улмаар эл нүүрсний уурхайг түшиглэсэн 600 МВт-ийн хүчин чадалтай цахилгаан станцыг барьж байгаа бөгөөд 150 МВт-ийн хүчин чадалтай эхний блок нь 2024 оны сүүлээр ашиглалтад орсон. Үүнээс өмнө 2024 онд нийслэл буюу Хотын дарга Х.Нямбаатар 500 тэрбумын бонд босгож, үүнийхээ 300 тэрбумыг "Бодь" группийн эрчим хүчний төсөл болох "Бөөрөлжүүт"-д өгсөн.

Үүгээр зогсохгүй, Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх шийдвэр гарч, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалтын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгчээр "Бодь пропертийз" ХХК шалгарсан. Уг компани нь "Бодь групп"-ийн охин компани бөгөөд "Голомт"-ын гэх тодотголтой Д.Баясгалангийн эзэмшлийнх. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Х.Нямбаатарын үед Голомтын Д.Баясгалан нийслэлийн хөрөнгөөр худалдааны төв, далд авто зогсоол бүхий бас нэгэн бизнесээ эхлүүлэх гэж байж магадгүй байгаа юм. 

-ТӨСВИЙН 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ САЛХИНД ХИЙСГЭСЭН “RFID” ТЕХНОЛОГИЙГ БАС Л Д.БАЯСГАЛАНГИЙН “БОДЬ” ХИЙСЭН

Одоо бүр яригдахаа ч болиод байгаа “RFID” технологийн гүйцэтгэгч нь мөн л “Бодь”. Тодруулбал, автомашинд суурилуулах "RFID" буюу радио давтамжаар хянах системийг нэвтрүүлсэн. Албан тушаалтнууд энэ ажилд 13 тэрбум, 20 тэрбум, бүр 43 тэрбум төгрөг зарцуулсан зэргээр зөрүүтэй тоо хэлсээр ирсэн. Ийм өртөгтэй "RFID" цогц системийг зөв ажиллуулж чадсан тохиолдолд замын түгжрэлийг 20 хувиар шууд бууруулах боломжтой гэж мэдээлж байлаа. Улмаар Нийслэлээс “Автомашины цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 27-ны хооронд зарласан байдаг.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг тендер 2.97 тэрбумын саналаар “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, өрсөлдөгчгүй шалгарсан.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санг өргөжүүлэх” тендерийг 2023 оны зургадугаар 23-наас долдугаар сарын 31-ыг хүртэл зарлажээ. Ингэхдээ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гурван багц тендер зарласан. Эхний буюу нэгдүгээр багцын 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендерт уБодь” мөн л ганцаараа орж, өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ. Ингээд “RFID” цахим гэрчилгээг автомашинуудад байршуулсан ч энэ нь ямар ч үр дүнгүй, төсвийн мөнгийг дэмий зарцуулсан ажил болоод дууссан.

-ХАВДРЫН ЭМНЭЛЭГ 2-ИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ ГУРВАН ТЭРБУМААР ХИЙЖ, СУРАГЧДАД ХУУЧИН КОМПЬЮТЕР АШИГЛУУЛАХ АЖЛЫГ МӨН Л “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯГАЛАН ХИЙВ-

Мөн Засгийн газраас явуулж буй тендерт ч Бодь өрсөлдөгчгүйгээр шалгарч буй. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд "Хавдар судлалын үндэсний төв-2" төслийг барьж, байгуулахаар болоод байгаа. Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний  хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж, 2026 оны төсөвт "Хавдар судлалын үндэсний төв - 2" барилгын эхний санхүүжилтэд А, С блокийн шугам сүлжээ гэдэгт нийт 234.2 тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ эмнэлгийн зураг төслийг “Бодь пропертийз” гурван тэрбумаар 2023 онд гаргаж байв. Цаашлаад барилгыг барих тендерт ч шалгарч магадгүй байгаа.

Түүнчлэн Боловсролын яам “Бодь электроникс” компанитай хамтрах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн зорилго нь, Google for Education төслийн хэрэгжилт бөгөөд үүний албан ёсны Монгол дахь түншүүд нь iCore, “Бодь электроникс” компаниуд аж.

Санамж бичгийн хүрээнд ашиглагдахаа больсон компьютерыг дахин ашиглах боломж бүрдүүлж, хуучин зөөврийн болон суурин компьютерт Google-ийн ChromeOS Flex системийг суулгаж, сурагчдад ашиглуулж, хувийн хэвшил борлуулалтын орлогын 1 хувийг ЕБС-иудын цахим анги байгуулахад зарцуулснаар татварын хөнгөлөлт эдэлнэ гэж Боловсролын яамнаас мэдээлжээ. Энэ мэтчилэн “Голомт”-ын гэх Д.Баясгалангийн авсан тендер, төрийн дэмжлэг дуусашгүй. Монголд өөр аж ахуй эрхлэгч байхгүй юм шиг нийслэлийн хамаг л өнгөтэй өөдтэй тендерт Монголоос “Бодь” үгүй бол Хятад компани шалгаруулж байгаа нь нууц биш.