Худал мэдээлэл хийсэн Ж.Батзанданг "Ачит ихт" компанийн нийт ажилчдаас уучлалт гуйхыг шаардлаа

Худал мэдээлэл хийсэн Ж.Батзанданг "Ачит ихт" компанийн нийт ажилчдаас уучлалт гуйхыг шаардлаа

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газрын үеэс “Бүрэн эрхт төлөөлөгч” гэсэн албан тушаал хашиж байсан Ж.Батзанданг энэ долоо хоногт тус албан тушаалаас нь чөлөөлсөн. Харин тэрбээр өчигдөр /2026.01.07/ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн талаараа мэдээлэл хийхдээ “Ачит ихт” компанийн талаар зарим зүйлийг ярьсан юм. 

Тодруулбал, түүнээс сэтгүүлчид “төр ямар ч хөрөнгө оруулаагүй хэр нь хувийн хэвшлийн 34-50 хувийг төр үнэ төлбөргүй авна гээд байвал хөрөнгө оруулагчид орж ирэх үү” хэмээн асуухад тэрбээр, “Ачит ихт компани сүүлийн 10 жилийн хугацаанд 1.8 их наядын борлуулалтын орлого, 950 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Нэг гэр бүл ийм их ашиг олсон” гэж ярьсан юм.

Тэгвэл Ачит ихт компаниас мэдэгдэл гаргаж, “Ж.Батзандан нь манай компанийн талаар илт худал мэдээллийг олон нийтэд хийсэнд туйлын харамсаж байна. Иймд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч асан Ж.Батзанданг Ачит ихт компанийн нийт ажилчдаас уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

"Ачит ихт" компани мэдэгдэлдээ, “Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч асан Ж.Батзандан нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдээлэл хийхдээ манай компанийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, компанийн орлогоос давсан дүнгээр ашиг олдог, үйлдвэрлэлийг үйл ажиллагаанд ямар ч зардал гаргадаггүй, татвар төлдөггүй гэсэн мэдээллийг олон нийтэд түгээж хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасанд туйлын их харамсаж байна. 

Ачит ихт ХХК нь 2015-2023 онуудад Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-ийн хамтран шалгаруулдаг Топ-100 аж ахуй нэгжээр тогтмол шалгарч, орон нутагт 300 гаруй ажлын байрыг бий болгож, өнгөрсөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 436,8 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төлж ирсэн. 

Ачит ихт ХХК нь батлагдсан Техник эдийн засгийн үндэслэлээр 10 жил ашиглах хүрдийн нөөцөд нэмэлт судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр 13 дахь жилдээ ашиглаж, суурилагдсан хүчин чадалдаа огт хүрэхгүйгээр үйлдвэрлэлээ явуулж байна. Мөн өмнө Засгийн газрын тэмдэглэлээр тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрийн үйл ажиллагааг гэнэт 100 хоног зогсоосны улмаас илүүдэл уусмалын асуудалтай болж, үйл ажиллагаанд хүндрэл учирч үйлдвэрлэлийн зардал тогтмол өсөж байгаа. Ачит ихт ХХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал мэдээлэл түгээсэн Ж.Батзандан уг үйлдэлдээ компанийн нийт ажилчдаас уучлалт гуйхыг шаардаж байна” гэжээ.

Ачит ихт ХХК-ийн мэдэгдэл. 2026.01.08