Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг сонгох шалгаруулах сонсгол боллоо

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийг сонгох шалгаруулах сонсгол боллоо

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах нээлттэй сонсгол зохион байгуулагдаж, нэр дэвшигчид ажлын хэсгийн гишүүд болон бусад оролцогчдын асуултад хариуллаа.

Сонсголыг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2025 оны А/44 дүгээр тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Комиссын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир ажиллав.

Мөн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхболд, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга С.Батцэцэг, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, “Хөөрхөн зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар багтсан байна.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар А.Балдангомбо, Хүний эрхийн боловсролын хэлтсийн сурталчилгаа хариуцсан референт Б.Энхбаяр нар ажиллалаа.

Нээлттэй сонсголд Хорооны гишүүнд нэрээ дэвшүүлсэн “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа, “Глоб Интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, “Монголын Залуучуудын эвсэл”-ийн зөвлөх Б.Болорсайхан, хуульч, өмгөөлөгч Б.Энхцэцэг, Монгол Улсад Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны удирдах зөвлөлийн дарга Д.Ганбаяр нар оролцож, өөрсдийн туршлага, байр суурь, хүний эрх хамгааллын чиглэлд хэрэгжүүлэх зорилго, бодлогын талаарх асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь хэсэгт заасны дагуу Хорооны гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг нээлттэй сонсгол зохион байгуулснаас хойш ажлын таван өдрийн дотор нууц санал хураалт явуулна. Улмаар хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор Хорооны гишүүнийг сонгож, Хүний эрхийн Үндэсний Комиссын хуралдаанаар батламжлах юм.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн цагаас хойш иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаарх 14 дүгнэлт, Комиссын гишүүний 26 зөвлөмжийг гаргасан байна.