Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн гол үйл явдлуудын нэг нь Хотын дарга Х.Нямбаатарын санаачилсан такси үйлчилгээ эрхлэгчдэд хүүгүй зээл олгох төслийн талаарх асуудал байлаа. Хоёр талдаа гарч талцсан энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг иргэд чих тавин хүлээж байна. Ямартаа ч НИТХ дэмжээд байгаа энэхүү олны шүүмжлэлийг дагуулсан төсөлтэй эхлээд танилцъя.
-ХУВИЙН ХЭВШЛҮҮДЭД 16 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛОН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, НЭГДСЭН ТАКСИ БААЗТАЙ БОЛГОХООР ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ-
Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төсөл санаачилж өргөн мэдүүлсэн. Энэ төсөлд дурдсанаар цахилгаан хөдөлгүүртэй 2000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож, үйлчилгээнд явуулах тухай заасан байгаа юм. Ингэхдээ нийслэлээс нийт 77 тэрбум төсөвлөсөн байх бөгөөд 74 хувь буюу 56 тэрбум төгрөгийг 16.5 хувийн хүүтэй бизнесийн зээлээр авахаар тооцож, 26 хувийн санхүүжилтийг нь буюу 21 тэрбум төгрөгийг Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлэхээр уг төсөлд тусгасан байна. Мөн хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарсан такси үйлчилгээ эрхлэгчид нь аж ахуйн буюу баазын системээр нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулна гэж дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй такси дуудлагын үйлчилгээний компаниуд буюу UBcab, etaxi, aba taxi зэрэг газруудад хөнгөлөлттэй болон хүүгүй зээл олгож, нэгдсэн такси баазтай болгохоор төлөвлөж байгаа аж.
Энд нэгэн жишээ дурдахад Улаанбаатар хотод 2002-2003 онд нийт 65 аж ахуйн нэгжийн арван мянга гаруй такси Улаанбаатар хотын иргэдэд үйлчилж байжээ. Харин өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж л үйл ажиллагаа явуулж байгаа гэх тоон баримт бий. Өөрөөр хэлбэл 2000-аад онд ид хөгжиж байсан такси үйлчилгээний газруудын ихэнх нь өнөө үед зах зээлийн зарчмаар дампуурсан гэсэн үг. Харин үүний оронд дэлхий нийтэд ч, манай улсад ч нэг үйлчилгээ нэвтэрсэн нь такси дуудлагын үйлчилгээ. Энэ нь иргэд өөрсдийн тээврээр UBcab зэрэг нэгдсэн системд холбогдож үйлчилгээ явуулж байгаа явдал юм.
-ДЭЛХИЙ НИЙТ UBER, GRAB ЗЭРЭГ ТАКСИ ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ШУУРЧ, ТАКСИ БААЗУУД ОЛНООР ДАМПУУРЧ БАЙГАА ЭНЭ ҮЕД ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ТАКСИ БААЗЫГ ЭРГЭН ХӨГЖҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ-
Дэлхий нийт ч энэ жишгээр явж буй. Тухайлбал Grab, Uber, Tino гэх мэт такси дуудлагын компаниуд олноор бий болж, байгууллага машин эзэмшдэггүй, жолооч нь хувиараа үйлчилгээ эрхэлдэг, эрэлт нийлүүлэлтийг аппликейшнээр зохицуулдаг, ашгаа программ үйлчилгээний шимтгэлээс олдог үйлчилгээ хөгжиж байгаа. Тэд энэ бизнесээ эхлүүлэхдээ төсвөөс мөнгө аваагүй, нийслэл нь ч такси худалдаж аваагүй бөгөөд жолооч нарыг технологиор холбож, системээр хянадаг болсон гэсэн үг.
Ингэснээр олон такси үйлчилгээний баазууд дампуурч эхэлсэн. Манай улсад ч үүнтэй адил процесс үргэлжилсэн. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар 2000-аад оны үеийн технологи руу буцаж, такси баазуудыг бий болгох санал гаргаж байна.
Энэ нь эргээд хувийн хэвшлүүд ашгаа олж чадахгүй бол нийслэл өөрөө илүү зардал гаргаж магадгүй нөхцөл үүсгэнэ. Үүний хамгийн зөв шийдвэр нь нийслэлээс такси үйлчилгээний компаниудад стандартыг нь тавьж өгөад энэ бизнесээс гар, хөлөө татах нь л чухал байгаа юм. Үүнээс гадна Х.Нямбаатарын энэ төсөлд дурдсанаар нийслэл такси үйлчилгээ эрхлэгчдэд хүүгүй зээл олгох явдал. Үнэн хэрэгтэй Улаанбаатарын таксины стандарт нийслэлд тулгамдаж байгаа асуудлын 99 дүгээрт эрэмбэлэгдэхээр асуудал шүү дээ. Үүнээс өөр сургууль, цэцэрлэг, зам, зогсоол гээд шийдэх өчнөөн асуудал байхад энэ бүгдийг алгасаад нийслэлийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэвшлүүдэд хүүгүй зээлээд, такси авна гээд сууж байгаа нь хэн нэгний ашиг сонирхол юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж байгаа юм.