Засгийн газрын ажлын хэсэг зарим уул уурхайн компаниудын 34-50 хувийг үнэ төлбөргүйгээр төрд авахаар хэлэлцээрийг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэхүү хэлэлцээрээ Эрдэнэт үйлдвэрийн балансын бус II овоолгыг ашиглан эцсийн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэж буй "Ачит ихт" компаниар эхлүүлсэн гэхэд болно. Харин "Ачит ихт" компанитай хийж буй хэлэлцээрийн үр дүнгээр бусад уул уурхайн компаниудын 34-50 хувийг үнэ төлбөргүйгээр төрд авах жишиг тогтоож магадгүй байгаа юм.
Тухайлбал, Засгийн газар, Ачит ихт компанийн хэлэлцээрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Монголын төр Ачит ихт компанийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших боллоо. Гэхдээ хэлэлцээр цааш үргэлжилж, төрийн эзэмшлийг 50 хувьд хүргэхийг зорино. Төр булаах, дээрэмдэх, хүч түрэх ямар нэгэн үйлдлийг хийхгүй” гэж мэдэгдсэн юм.
ВИДЕО:
Тэгвэл өнөөдөр /2025.12.26/ "Ачит ихт" компаниас мэдэгдэл гаргаж, энэхүү албан бичгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод хүргүүлсэн байна. "Ачит ихт" компанийн тус мэдэгдэлд, “2025 оны 02 дугаар сард Ачит ихт компанийн байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэгтэй удаа дараа, нээлттэй хамтран ажиллаж, шаардлагатай материалаа өгч ирсэн.
Ачит ихт компани өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлэх саналыг нийт 14 удаа албан бичгээр, Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэгт 3 удаа, баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээх IPO хийх саналын хамт хүргүүлж ирсэн.
Ачит ихт компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 14-15-08 дугаартай ТЭЗҮ баталсан дүгнэлтийн 13-д заасан “Балансын бус хүдрийн нөөцийн зэрэглэлийг ахиулан Улсын нөөцөд шинэчлэн бүртгүүлэх” даалгаврын дагуу II овоолгын нөөцийн тайланг хэлэлцүүлж, хүдрийн нөөцийг хүлээн авсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны энэхүү дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны тушаалаар II овоолгын нөөцийг Улсын нөөцөд бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн” гэжээ.
Тодруулбал, "Ачит ихт" компани Эрдэнэт үйлдвэрийн балансын бус II овоолго дээр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоож, улсын нөөцөд бүртгүүлсэн байна. Мөн "Ачит ихт" компани гадаад, дотоодын өндөр хүүтэй зээл болон өөрийн хөрөнгөөр катодын зэс боловсруулах гидрометаллургийн үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Товчхондоо, "Ачит ихт" компанийн үйлдвэрийг барихад төрөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт ороогүй гэсэн үг юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон үүсмэл ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр авах зохицуулалттай юм. Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Ачит ихт" компанийн 50 хувийг төрд үнэ төлбөргүй авахаар хэлэлцээрийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Иймд Ачит ихт компанийн өнөөдрийн мэдэгдэлд, “Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн өнөөгийн байр суурь нь Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх заалтыг үндэслэн 50 хүртэлх хувийг улс үнэ төлбөргүйгээр эзэмших тухай саналын тавьж байна. Иймд Ачит ихт компанийн Засгийн газартай хэлэлцээ хийх ажлын хэсэгт олгосон эрх хэмжээнээс хэтэрсэн тул ажлын хэсэг үйл ажиллагаагаа зогсоож байна. Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэгтэй хийх хэлэлцээг цаашид “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигчид хийнэ” гэжээ.
