АНАЛИЗ: Ерөнхийлөгч "энгийн, даруу", УИХ-ын дарга "хүний эрх торгон мэдрэмж"-тэй, Ерөнхий сайд "төр хүсвэл буцааж авдаг" гэсэн эрсдэлийг төрүүлэх мэндчилгээ дэвшүүллээ

АНАЛИЗ: Ерөнхийлөгч "энгийн, даруу", УИХ-ын дарга "хүний эрх торгон мэдрэмж"-тэй, Ерөнхий сайд "төр хүсвэл буцааж авдаг" гэсэн эрсдэлийг төрүүлэх мэндчилгээ дэвшүүллээ

2026 оны босгон дээр төрийн гурван өндөрлөг болох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан өөр өөрийн институцийн байр суурь, улс төрийн мессеж, дүр төрхийг илэрхийллээ.

-НЭГДМЭЛ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭВ ҮҮ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээний зураг авалтыг Төрийн ордон дахь албаны өрөөнд нь хийсэн байх бөгөөд түүний ард нь Монгол Улсын Үндсэн хуулийн эх, Төрийн сүлд, Төрийн далбаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тугийг байрлуулсан байв. Түүнчлэн түүний мэндчилгээ нь дуу хөгжим, тусгай эффект ашиглаагүй, энгийн даруухан хэлбэрээр бэлтгэгджээ.

ВИДЕО: 

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй бодлого, ажлуудаасаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, гадаад харилцааны бодлогын ололт, үр дүнг дурдсан бол залуучуудын урлаг, спортын салбарт гаргаж буй амжилтаар бахархаж буйгаа онцолсон юм. Тэрбээр нийтэд иргэдэд хандаж, “эвийг эрхэмлэж улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе” гэсэн нь үндэсний итгэл үнэмшлийг тодотгож, нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэж байна гэж дүгнэхэд хүргэсэн юм.

-"ХҮНИЙ ЭРХИЙН ТОРГОН МЭДРЭМЖТЭЙ БАЙНА" ГЭДГЭЭ АМЛАВ-

УИХ-ын дарга Н.Учрал Сонгинохайрхан дүүрэгт байрлах, олон улсын стандартаар баригдсан тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэгт очиж шинэ жилийн мэндчилгээгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр тус дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байх хугацаандаа “Тэмүүжингийн андууд” цэцэрлэгээр дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хангах, орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байсан. 

ВИДЕО: 

Түүний мэндчилгээний зураг авалтын үеэр гарсан “Ах нь худлаа хэлээгүй шүү. Бэлэгтэй ирсэн байгаа биз дээ” хэмээх яриа, мөн нэгэн хүү түүний гарыг барин “Та надад бэлэг авч ирсэн юм уу” хэмээн асууж буй дүрс нь иргэдэд энгийн, дулаан сэтгэгдэл төрүүлсэн байх. Тэрбээр мэндчилгээндээ, “УИХ угтан авч байгаа 2026 онд хүний эрх, хүүхдийн эрхийн торгон мэдрэмжтэй байж, “Чөлөөлье” үзэл санаан дор төрийн хууль, бодлогоор иргэний, улс төрийн, эдийн засгийн эрх, эрх чөлөөг дархлан хамгаалж ажиллана. Чөлөөлөх бодлого бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг баталгаатай эдлэх эрх эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм. Чөлөөллийн санаачилга бол төрийн хүнд суртлаас хүний эрх, эрх чөлөө, иргэдийнхээ эдлэх ёстой эрхийг чөлөөлөхийн төлөө олон талаас нь шүүн тунгааж бодож боловсруулсан иж бүрэн стратеги юм. Учир нь “хүний эрх таны эрх, улсын эрх иргэний эрх” гэдгийг онцолсон юм. 

-ТӨР ДАВАМГАЙЛСАН “ПОПУЛИСТ ӨНГӨ АЯС”-

Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордон байрлах албаны өрөөнөөсөө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр мэндчилгээнийхээ эхэнд, “нэг хүнд ногдох ДНБ 7100 ам.доллар, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар, зээлжих зэрэглэл нэмэгдэж Монгол Улсад итгэх итгэл эрс сэргэсэн” хэмээн онцоллоо. 

ВИДЕО:

Түүнчлэн нүүрсний 581 гэрээг ил болгож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хийх тэмцлийн хүрээнд 160 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж 85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлээд байгаа гэнэ. Мөн “Төгрөг нуур”, “Төмөртэйн овоо” зэрэг ордуудыг төрдөө буцааж авсан. Стратегийн ордууд болон “олон овоод”, “Бор тээг”-ийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь бодитойгоор хүртээнэ” гэж амлалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд байна, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй гэж заасан тул хэрэв лиценз хууль бусаар олгогдсон, гэрээ нь улсад хохиролтой, авлига, албан тушаалын гэмт хэрэг тогтоогдсон бол төр оролцож, буцаан авах нь чөлөөт зах зээлийг үгүйсгэсэн үйлдэл биш байх талтай.

Харин “төрдөө буцааж авлаа”, “баялгийн өгөөжийг бүлгүүдэд хүртээнэ” гэсэн нь төр давамгайлсан популист өнгө аястай байв.

Иймд Ерөнхий сайд Г.Занданшатарын үг хэллэг, хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлж, “төр хүсвэл буцааж авдаг” гэсэн ойлголтыг бий болгож байх эрсдэлтэй юм. Нөгөөтэй стратегийн ордуудаа эргэлтэд оруулж хүүхэд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөөжийг хүртээнэ гэдэг нь хүн ёсны хувьд сайхан сонгогдож болох ч зохицуулалт нь тодорхой бус байсан юм. Учир нь тодорхой бус амлалт нь богино хугацаанд улс төрийн оноо авах тактик ч гэдэг. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар төр төвтэй, амлалт ихтэй хэлбэрээр ярих нь зах зээлд сөрөг итгэл төрүүлэх эрсдэлтэй юм. 




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө