Нийслэл 77 тэрбумаар хоёр мянган цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулахыг дэмжлээ

Нийслэл 77 тэрбумаар хоёр мянган цахилгаан машин худалдан авч, такси үйлчилгээнд явуулахыг дэмжлээ

Монгол Улсын Алсын хараа-2050, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар хэлэлцлээ.

Энэхүү төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Улаанбаатар  хотын  хүн  амын  өсөлт,  замын  хөдөлгөөний түгжрэл,  хууль  бус  такси  үйлчилгээний  эрсдэл,  аялал жуулчлалын эрэлт зэргээс үүдэн, хэрэглэгч төвтэй, аюулгүй, ухаалаг  технологид  суурилсан,  байгаль  орчинд  ээлтэй, тогтвортой  такси  үйлчилгээний  системийг  бүрдүүлэх зорилготой аж.

Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөгийг зарцуулах байна.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс такси үйлчилгээг сайжруулахдаа төр өөр бизнес эрхлэх биш дүрэм, стандарт тогтоох, хяналт тавих үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод такси нэмэх биш, харин зөв зохицуулалт хийх, хувийн болон түрээсийн таксиг эрсдэл үүсгэж байгааг анхаарч стандарттай, ухаалаг таксины систем болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Зарим төлөөлөгчид цахилгаан такси орж ирснээр агаарын бохирдол, иргэдийн аюулгүй байдал, таксины үнэ буухаас эхлээд давуу талтай гэдгийг илэрхийлэв. Дээрх төслийн шалгаруулалтад одоо үйлчилгээ эрхэлж буй такси компаниуд нээлттэй бөгөөд ялангуяа такси үйлчилгээий бизнесийг төрөөс дэмжих шаардлагатай гэдгийг төслийн хариуцагчаас тайлбарлалаа. Ингээд төлөөлөгчдийн олонхын саналаар буюу 61.5 хувиар дэмжигдлээ.