Өнөөдрөөс иргэд хүүгийн орлогоос ногдол ашиг хүртэж, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, хиймэл оюун ухаанаар торгох систем ажиллаж эхэллээ

Өнөөдрөөс иргэд хүүгийн орлогоос ногдол ашиг хүртэж, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, хиймэл оюун ухаанаар торгох систем ажиллаж эхэллээ

Шинэ оны эхний өдөр буюу өнөөдрөөс /2025.01.01/ мөрдөгдөж эхэлж буй шинэ хууль, тогтоолуудыг танилцуулж байна.

УИХ-ын дарга Н.Учрал УИХ-ын намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Ирж буй 2026 оны Хаврын ээлжит чуулган иргэнээ хүнд суртал, хууль журмын чөдөр тушаа, төрийн зуршлыг халж, хувийн хэвшлээ чөлөөлөх, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн эрүүл цэвэр үндэс хөрсийг суулгах хаврын тариалалтын өдрүүд байх болно. Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийнхээ дагуу захирамж гарган, Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хааж боосон, хавчиж хязгаарласан хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос иргэнээ, хувийн хэвшлүүдээ чөлөөлөх “Чөлөөлье” санаачилга боловсруулан дэвшүүллээ. “Чөлөөлье” санаачилгыг бодлого, хөтөлбөр, бодит үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажиллаж эхэллээ. Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй боловч салбар салбарт эдийн засгийн эрх чөлөөг тушиж ургасан мөчир салаа, бизнесийн орчныг муутгасан хүчин зүйлс, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил, засаглал, авлига, хүнд суртал, хуулиас давсан дүрэм журмууд, хүний хүсэлд хясал болсон бодит байдлыг оношлон дүгнэж, гарц шийдэл, орц жорыг санал болгож, хууль тогтоомжийн төслүүд боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах болно" гэдгийг тодотгосон. Тэгэхээр ирэх хавар УИХ хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн тэдэнд зориулсан үйл хууль, тогтоолыг баталж ажиллах нь тодорхой байна.  Тэгвэл өнөөдрөөс ямар хууль, тогтоолууд хэрэгжиж эхэлж байна вэ. 

-УУЛ, УУРХАЙН ОРЛОГООС ХУРИМТЛУУЛЖ ИРГЭДЭД НОГДОЛ АШИГ ОЛГОНО-

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энд дарж унших. https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227259782 

Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн.

Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрч, Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн байгаа аж.

Тухайлбал, 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар албаныхан мэдээлсэн юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

-БАГШ НАРЫН ЦАЛИН 50 ХУВИАР НЭМЭГДЭЖ БАЙНА-

2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмснээр одоогийн 1.1 сая төгрөгийн үндсэн цалин хоёр сая 40 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Түүнчлэн, резидент эмч нарын цалин 1.4 сая байгааг ирэх нэгдүгээр сарын 1-нээс 1.9 сая төгрөг болгоно. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж гурван сая төгрөгт хүргэнэ. Харин боловсролын салбарт ажилладаг тогооч, галч, үйлчлэгч, жижүүрийн цалин нэмэгдэхгүй юм байна. Боловсролын салбарт ажиллагсдын цалин нэмэхэд дахин 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болсон тул УИХ-ын төвшинд 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулж, зохицуулалт хийх хүрээнд зөвхөн багш нарын цалинг өсгөхөд анхаарч, холбогдох эх үүсвэрийг суулгажээ. Уг шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн баталгаажуулсан.

-АЛБА ХААГЧ НАС БАРВАЛ 36 САРЫН ТЭТГЭМЖИЙГ АР ГЭРТ НЬ ОЛГОНО-

Алба хаагчид 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилгүй нас барсан тохиолдолд тухайн албан хаагчийн тэтгэмжийг үр хүүхэд, хань ижилд нь өвлүүлдэг байх зохицуулалт 2026 оноос хэрэгжинэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцуулсан.

-АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР 80-240 МЯНГААР НЭМЭГДЭНЭ-

Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулиуд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг 8.6 хувиар жигд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Улмаар ахмадуудын тэтгэвэр 45792-55120 төгрөгөөр нэмэгдэхээр байна. 

Тодруулбал, 

  • Сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 45,792 төгрөгийн нэмэгдэл авч, улмаар 618,192 төгрөгийн тэтгэвэр авах юм
  • Сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 55,120 төгрөгөөр нэмэгдэж, 744120 төгрөгийн тэтгэвэр авах юм.
  • Хамгийн өндөр тэтгэвэр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдлийг тус тус авах аж.

-ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫН НЭМЭГДЛИЙГ 10 ХУВИАР НЭМНЭ -

Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг шинэчлэн тогтоож, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилт тусгагдсан байна. Тодруулбал, "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж, мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.

-ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛНА-

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д:

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд:

Хувь хүнийг хорин (20) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,

Хуулийн этгээдийг хоёр зуун (200) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 захирамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Гэвч иргэдийн зүгээс “1111 төв”-д хязгаарлалт үйлчлэхгүй өдрөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой олон санал, гомдол ирүүлж байна. Замын хөдөлгөөнд шударга, тэгш оролцох зарчимыг хангахын тулд иргэн бүр тогтоосон журамд заавал нийцүүлэн оролцох ёстойг анхааруулж байгаа юм.

-16,000 ХҮРТЭЛХ ХҮҮХЭД ТУТАМД НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛНА -

Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байна. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.



Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө