Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.Тэгвэл сураггүй алга болоод буй хоёр настай хүүгийн ээж Хөвсгөлийн өнгө.мн сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр "Бид Тариалан суманд ирээд дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байна. Саахалт айлын хүмүүстэйгээ мод бэлтгэхээр ярилцаад аав, ах хоёр маань ачааны машинаа унаад би нөхөр, хоёр хүүхэдтэйгээ араас нь машинтайгаа ирсэн. Ууланд ирэхэд хүүхдүүд унтсан байсан тул бага охиноо урд талын суудал дээрээ, харин хүүгээ хойд талын суудал дээр унтуулж үлдээгээд үүс бөөгнүүлж байгаад шуудай авахаар 200 метр зайд байрлах машин дээрээ очоод тэндээс ажиллахгүй байгаа хөрөө аваад 20 орчим минутын дараа ирэхэд хүү маань байхгүй байсан. Тэгээд аавыг нь орилж дуудаад хамтдаа энэ хавиараа зөндөө хайсан ч олоогүй. Тэр үедээ утсаар ярьж, дуудлага өгөх ухаан байгаагүй. Тэгээд нөхөр маань утсаар ярьж дуудлага өгөөрэй гэхэд нь ухаан ороод дуудлага өгч, хүмүүс ирж хайлцсан боловч өнөөг хүртэл ямар ч ул мөр олдохгүй байгаа.
Надад хүү минь амьд байгаад байна гэсэн мэдрэмж төрөөд байгаа. Хүү минь их чадварлаг, сайн ярьдаг.
Уг нь сэрээд машинаас гарсан бол гарахдаа дүүгээ хараад орхиод явахгүй л байх байсан гэж бодогдоод байгаа. Хүүгээ анхнаасаа л олдох юм шиг, хаа нэгтээ байгаа юм шиг л санагдаад байх юм" хэмээн ярьсан байна.