Авлигын хэргээр ял сонссон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш "Нүүдэлчин" фестивалийн хоолны зардалд 370 сая, хэвлэлд 234 сая зэргээр тэрбум гаруй төгрөг зарцуулсан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нарт холбогдох хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал товлогдсон байна.
Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 1055 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны долдугаар сарын 02-ны өдрийн 811 дүгээр магадлалтай, Э.Цэнд-Аюуш, П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Э.Мөнхбаясгалан, П.Отгонбаатар нарын өмгөөлөгч Г.Оюунболд, шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Улсын дээд шүүх энэ сарын 26-ны /2025.09.26/ өдөр хянан хэлэлцэхээр товлосон байна.
Эргэн сануулахад, анхан болон давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргаар томилогдоод буй Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2.6 жилийн хугацаагаар хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял оноогоод буй юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.