Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны амь нас хохирсон зам тээврийн ослын хэргийг шүүх хурал энэ сарын 16-ны /2025.09.16/ өдөр болж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний хэрэгт эсрэг урсгалаас ирж мөргөлдсөн автомашины жолооч Ц.Отгонбатыг яллагдагчаар татсан юм.
Улмаар прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг бөгөөд шүүх тус хэргийг хэлэлцэх явцад шүүгдэгч Ц.Отгонбат нь хохирол нөхөн төлөх тав хоногийн завсарлага авсан байна. Харин уг хугацааны дараа анхан шатны шүүх шийдвэрээ эцэслэн гаргах юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.