"МАН-ын Бага хурлаар НИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга Х.Нямбаатарын эсрэг акц өрнүүлж, хатуу шүүмжилнэ" гэжээ

"МАН-ын Бага хурлаар НИТХ-ын төлөөлөгчид Хотын дарга Х.Нямбаатарын эсрэг акц өрнүүлж, хатуу шүүмжилнэ" гэжээ

МАН-ын үндсэн дүрэм, шинэ даргыг тодруулах Удирдах зөвлөлийн хурал болон Бага хурлыг энэ долоо хоногт хуралдуулах товтой байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, хуралдаанаар үндсэн дүрмийг шинэчилж, даргыг сонгох юм. Одоогийн байдлаар МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь тодорхой байна. МАН-ын дүрэмд "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авч чадсан нэр дэвшигч намын дарга болох боломжтой. Ерөнхий сайд Г.Занданшатар нь МАН дэхь 70 оныхныг төлөөлж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байгаа юм. Харин Д.Амарбаясгалан нь 80 оныг төлөөлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хүч хавсран өрсөлдөнө. 

МАН-ын даргыг тодруулах үйл явц ширүүн өрсөлдөөн дунд болох магадлал өндөр байгаа бөгөөд Бага хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч Бага хурлын гишүүд Хотын дарга Х.Нямбаатарыг хатуу шүүмжлэхээр бэлдэж буй аж. Учир нь Хотын дарга Х.Нямбаатар нь НИТХ-ын төлөөлөгчдийн тавьсан санал, шаардлагыг хүлээж авалгүй үг хэлээр доромжилж, нийслэлийн төсвийг хэрхэн захиран зарцуулж буй мэдээлэл болон бусад бүх үйл ажиллагаагаа нууж хаалттай ажиллаж байгаа гэв. Тиймээс Бага хурлын үеэр Хотын дарга Х.Нямбаатарыг шүүмжилж түүнийг огцруулахыг шаардсан акцыг эхлүүлэх бололтой.  Бага, Их хурлын дараагаас Х.Нямбаатарыг Нийслэлийн МАН-ын дарга, Хотын даргаас чөлөөлөх үйл явцыг эхлүүлнэ гэх мэдээлэл байгаа юм.