Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон бага насны хүүхдийг эрэн хайх эрлийн багийнхан өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 20-ны 22:00 цагаас шөнийн дулаан мэдрэгчтэй дроноор хүүхэд алга болсон гэсэн байршлаас 4 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Харин өнөөдрийн 11:30 цагийн байдлаар эрлийн багийнхан гурван бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд эрэлч нохойн бүлэг Баянхошуугийн “Хувь” гэдэг газар буюу хүүхдийн амьдарч байсан болон алга болохын өмнөх өдөр хоноглосон иргэний гэрээс алга болсон гэх “Сайхан мод” хүртлэх газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Мөн “Сайхан мод” гэдэг газраас баруун урд зүгт “Их царам” болон “Тайга” гэх газруудын чиглэлд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.