Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.05.13/ өнөөдөр боллоо. Засгийн газрын хуралдаанд танилцуулсан хаврын тарилалттай холбоотой мэдээллийг ХХААХҮ-ийн Ц.Идэрбат танилцууллаа.
Тэрбээр "Тариалалтыг хэвийн явуулах, тариаланчдад тулгарч буй бэрхшээлийг даван туулах, хөнгөлөх олон асуудал хэлэлцэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний дэвшүүлэн тавьж буй “Чөлөөлье” ХХААХҮ-ийн салбарт нэлээдгүй эрх зүйн өөрчлөлтийг хийсэн. 2026 оны хаврын тариалалтанд онцгой анхаарал хандуулж Монгол Улсынхаа хэрэгцээг хангана гэсэн зорилт тавьж байгаа.
2026 онд 630 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалах зорилт тавин, тариалалт эхлээд байна. Энэ онд улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний бусад ногоог 80 хувь дотоодоосоо хангах зорилго тавьсан.
Үүнийхээ хүрээнд шатахууныг хөнгөлөлттэй үнээр хангах, зээлийн эх үүсвэрийг шуурхай холбох, эх үүсвэрийг нэмэгдүүлэх гээд олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар тариалалт долоон хувьтай явж байна. Ойрын 14-20 хоногийн дотор хаврын тариалалт жигдэрнэ" хэмээсэн юм.
Мөн “Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг шийдсэн. Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судалж байна гэлээ.