Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар энэ сарын 11-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Монголын ард түмэн эмгэнэл илэрхийлсээр байна. Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас түүнд эмгэнэл илэрхийлэхдээ хиймэл оюун ухаанаар бичүүлж түүний овгийг нь буруу бичихээс гадна уран бүтээлүүдийг нь бусад яруу найрагч нартай холих зэргээр байж боломгүй алдаа гаргасан. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан ажилтныхаа гаргасан алдаанд талийгаачийн гэр бүлээс уучлал хүсжээ.
Тэрбээр "Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт нэрт зохиолч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж, сүүлчийн замд үдэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын тушаалаар байгуулан Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллаж байна. Манай ажилтны эмгэнэл илэрхийлэхдээ гаргасан алдааны улмаас нийгэмд үүссэн бухимдалд талийгаачийн гэр бүлээс миний бие уучлалт хүсэж дахин харамсаж байгаагаа илэрхийлье" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.