УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн татвартай холбоотой зургаан хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хуулийн төслийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 хүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслийн гол агуулга нь ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох юм.
Уг төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сонгууль бүрээр улс төрийн бүх намууд дундаж давхаргаа дэмжинэ гэж амладаг. Энэ амлалтаар ард иргэдийн саналыг авч, УИХ-д сонгогддог. Гэвч бодит байдал дээр дундаж давхаргад чиглэсэн, үр дүнтэй бодлого өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжсэнгүй. Харин дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэрийн дор тусгай сангууд байгуулж, тэрхүү сангийн дэмжлэгийг энгийн иргэд бус төрийн өндөр албан тушаалтнууд, дарга сайд нарын хамаарал бүхий хүмүүс хүртэж ирсэн жишээ олон байна. Бид өнгөрсөн хугацаанд олон хулгай, авлигын асуудлыг ил болгосон. Тэр болгонд дундаж давхаргыг дэмжинэ гэсэн нэр ашиглагдсан ч бодит байдал дээр авлига, ашиг сонирхлын асуудал байсан. Тиймээс дундаж давхаргыг дэмжих хамгийн шударга, бодит шийдэл нь иргэдийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх биш, харин тэр орлогыг иргэдийн гар дээр үлдээх явдал юм. Сангийн яамны мэдээллээр нэг сая орчим дундаж цалинтай иргэд тогтмол татвар төлж, нийт хувь хүний орлогын албан татварын 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ нь ХХОАТ-ыг өндөр орлоготой хүн бүрдүүлдэг гэх ойлголт ташаа гэдгийг харуулж байгаа юм. Иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, дундаж давхаргаа бодитоор дэмжихийн тулд УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг дэмжих үүрэгтэй" хэмээн мэдээллээ.