“Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр нээлтээ хийсэн билээ. Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулсан юм.
Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил үйлс, тэдний үлдээсэн өв нь Монгол Улс, АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлснийг олон нийтэд таниулах зорилгоор тус үзэсгэлэнг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн байна.
“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнд дотоод гадаадын архив, номын сан, музейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулгаас урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин өв үзмэрүүдтэй танилцах боломжтой аж.